<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jul 8, 2020

Заавал аялах газрууд

Амралт зугаалга аялалын цаг эхэллээ. Та бүхэн урт амралтаараа аялах төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй бол доорхи мэдээллүүд танд туслах болно.

Энэ жил онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотой гадны аялал жуулчлал хязгаарлагдаж дотоодын аялал жуулчлал урьд жилүүдээс ихсэх хандлагатай байна. Үүний зэрэгцээ байгалийн үзэсгэлэнт газруудад байрлалтай аялал жуулчлалын бизнесүүд дотоодын аялагчдад нааштай үнэ санал болгох боломж бас харагдаж байна.

Энэ боломжийг ашиглан та заавал үзэх ёстой Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялаад аваарай. 

Монголын үзэсгэлэнт газруудаас үзэх доорх маршрутыг танилцуулж байна. 

Баян Өлгий, Завхан, Увс маршрут 

Аялал #1 БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ 

Баян-Өлгий аймаг нь хамгийн баруун захад Монгол Алтайн уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 1301-4374 метрийн өндөрт оршино. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-тай 450 километр, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-тай 225 километр хиллэдэг. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг.

Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй. Бvргэд, домбор, Наурызын баяр бол казах тvмний брэнд.Бүргэдээр ан хийх ёс нь 250 гаруй жил үргэлжилж ирсэн уламжлалтай юм. 

bayan ulgii 1

Алтай таван богдын байгалийн цогцолборт газар

Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгаль, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн, алтайн хойлог, нөмрөг тас, ооч ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжлүүлэх зорилгоор тусгай хамгаалалтад авсан. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь хойт талаараа ОХУ, баруун талаараа Таванбогдоос урагш Өвчүү уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг бөгөөд уртаашаа 186км, өргөөшөө 42км газар нутгийг хамардаг. Монгол Улсын хамгийн өндөр уул юм. Цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газруудын нэг билээ. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл ажээ. Хэрвээ таны аяллын маршрутад Алтай таван богд багтсан бол хувцсаа тохируулон сонгоорой гэж зөвлөе.

altai 5 bogd

Ёлтын сав газар

Алтай суманд байрладаг. Уг газар нь унаган төрхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай мөн эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэг уулархаг ой зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг байна.

yoltyn sav gazar

Потанины мөсөн гол

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд байдаг хамгийн урт Потаниний мөсөн гол юм. Потанин мөсөн гол бидний үед урт нь 10.4км, талбай нь 24.3 ам/км болсон байна. Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагдагдана. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад нээсэн оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог. Сүүлийн жилүүдэд олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаа Потанины мөсөн гол юм.

потанин

Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг. Эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ.

Бага Түргэний хүрхрээ

Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших “Бага түргэний хүрхрээ” өндөр нь 15 метр бөгөөд тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсдаг. Хавар, зун уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүрэг сүргээрээ дээшилж түрсээ шахдаг.

хүрхрээ

Толбо нуур 

Өлгий хотоос урагш 45 км-т, Ховд аймаг орох төв замын дагууд Толбо нуур оршидог цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг бөгөөд хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4 м өндөр Гичгэний толгой юм.

толбо нуур

Ачит нуур 

Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, урт нь 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн өндөрт оршино. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсаж цаашлаад Ховд голд цутгадаг байна. Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд “Улаан ном”-нд орсон олон шувууд байдаг. Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай нуур юм.

ачит

  • Хойд чиглэл: Ачит нуур - Ногоон нуурын хүн чулуу - Сүг зургууд - Сийлхэмийн нуруу - Цагаан нуур
  • Зүүн өмнөд чиглэл: Мөнгөн дөшийн сүг зураг - Эрээн харганатын түрэг бичээс - Ховд гол - Баяннуур - Дэвэлийн арал БЦГ - Цамбагарав БЦГ.
  • Өмнөд чиглэл: Алтайн их уулс - их гол нуур, казах ард түмний амьдрал - Толбо нуур - Хөх сэрхийн нуруу ДЦГ - Чигэртэйн рашаан
  • Баруун хойд чиглэл: Монгол-Алтайн шинэсэн ой - Цагаан салаагийн хадны зураг - Хар ямаатын чулуу - Цагаан гол - Чулуун хөшөөнүүд - Буган чулуу хөшөө - Бага ойгорын бичээс - Цэнгэл сум - Улаанхус сум - Сагсай сум - Таван богд уул

Аялал #2  Завхан нутаг 

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 65481, малын тоо толгой 1717700. Завхан аймаг нь 24 сум 113 багтай. 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Улаанбаатар хотоос 984 километр зайтай оршдог. Тус аймагт байгалийн бүх бүслүүр оршдог.

Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг амралт сувиллын газруудтай.

Маршрут-1: Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр (4021м) уул, Их Монголын элсэн манхан, тал хээрийн бүсийг багтаасан аяллын маршрут. Нийт туулах зам- 650км 

  • Улиастай хотоос Богдын гол Мөнгөт хясаа, Богдын голын хүрхрээ, Цагаан нуур, Даян уулын үдлэх цэгт амарна. Туулах зам 50км.
  • Даян уулаас Отгонтэнгэр уул харах, вансэмбэрүү цэцэг үзэх, Долоогийн даваа, Ширээгийн голын үдлэх цэг, Хөндлөнгийн даваа, Отгон сум, Буянт багаар дайран Отгонтэнгэр уулын өвөрт ирнэ. 160км
  • Цагаан чулуут сумын Бурханы цогцолбор, Жавцаг баг Завхан голоор гаран Эрээн нуурт ирнэ. Нийт 150км.
  • Эрээн нуур Завхан голын Далтын гарам, Ханийн худагийн хясаа, Ямаан усны үдэх цэг, Алдархаан сум, Улиастай хотод ирнэ. 140км.

Маршрут-2 Байгалийн өвөрмөц тогтоц бүхийн Хангай, Говь хосолсон тусгай сонирхлын аялалыг багтаасан маршрут. Нийт туулах зам-665км 

  • Завхан аймгийн Улиастай хотоос эхэлнэ.
  • Улиастай сумаас Их Монгол жуулчны бааз, Хатавчийн амны хүн чулуун хөшөө, Загастайн даваа, Идэр сумын төв Ногоон нуур дахь Маргад ембүү жуулчны бааз. Туулах зам 95 км.
  • Ногоон нуураас Идэр сумын төв, Тун, Жаргалангийн гол, Бөхөн шарын даваа Тэгшийн голын үдлэх цэг. Туулах зам 50км.
  • Тэгшийн голоос Баяжихын даваа, Хангайн нурууны Марз уул, Хажуулын рашаан сувиллын газар ирнэ. Туулах зам 80км.
  • Хажуулын голоо уруудан байгалийн үзэсгэлэнт газраар аялан Тосонцэнгэл сумын Skyline зочид буудалд ирнэ. Туулах зам 80 км.
  • Тосонцэнгэл сумаас Мэргэний давааны үдлэх цэг дээр буун цааш Долоон товгор Элсэн манхан Ангирт нуурын хөвөөнд орших Замбага жуулчны баазад хүрнэ. Туулах зам 80км.
  • Замбага жуулчны баазаас Нарийны даваа, Дахтын даваа, Тээлийн гол уруудан Хар нуур жуулчны баазад ирнэ. Мөн Улаагчны голын үдлэх цэг, Гол мод, Тээлийн гол уруудан Хар нуурт ирж болно. Туулах зам 120км.
  • Хар нуураас Сэнжит цохио, Их, Бага Хатавчийн ам, Мухартын үдлэх цэгт очно. Туулах зам 50км
  • Мухартаас Сээрийн дөрөлжөөр давж, Донойн хөндий, Яруугийн хүрээг үзэн Улиастайд ирнэ. Туулах зам 110км.

Маршрут-3: Тал хээр, говийн бүс нутгийн өвөрмөц, тогтоцтой нутгаар аялах. Нийт туулах зам-350 км 

zavhan

  • Улиастай хотоос Яруугийн хүрээ, Алагийн даваа, Ханын худаг, Их хайрхан үдлэх цэгт амарна. 80км
  • Их хайрханаас Эрдэнэ- Хайрхан сум мухартын элсэн манхан үдлэх цэгт амарна. 100км
  • Мухартаас Сэнжит хадны үдлэх цэг, Бургастайгаар даван Хар нуур жуулчны баазад ирнэ. 50км (Хар нуурын орчмын аялалын маршрутаар аялаж болно)
  • Хар нуураас Тээлийн гол, Намын давааны үдлэх цэг Дэнхэн чулуугаар дайран Улиастай хотод ирнэ. 120км

Аялал #3 Увс нутаг 

Аймгийн төв Улаангом хот Улаанбаатар хотоос 1425 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 69.6 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 73328, малын тоо толгой 1619300. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино.

Хамгийн өндөр уул нь 4116 метр өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс, барилгын материалын баялагтай. Мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино.

Хар тэрмэсийн, Хавцал боомын, Бургастайн зэрэг рашаан устай. Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төвдөө барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ руу гарах 2 хилийн боомт байдаг бөгөөд нэг нь Давст сумын нутагт Боршоогийн боомт, нөгөө нь Тэс сумын нутагт Тэсийн боомт гэж бий.

uvs

  • Увс нуур
  • Хяргас нуур ба Хэцүү хад
  • Алтан элсний дархан цаазат газар
  • Ханхөхий уулс
  • Чандмань уулын дурсгал
  • Гоожуурын хүрхрээ
  • Мөнгөт цахир уул
  • Дэглий цагаан уул
  • Зураагийн улаан хадны зураг

Монголынхоо үзэсгэлэнт газруудаар тавтай сайхан аялаарай. 

 NCD - Ногоон ирээдүйг бүтээнэ. 

Нийтэлсэн NCD Group