<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 2, 2018

Үнэ ба үнэ цэнийн ялгаа амьдрал ба бизнест

Үнэ бол төлж байгаа мөнгө, үнэ цэнэ бол харин авч байгаа зүйл гэж алдарт Баффет хэлсэн байдаг. Харин бид ажил, амьдралдаа тэр бүрчлэн эдгээр ойлголтуудын харилцан уялдаа холбоо болон ялгаанд анхаарахгүй, ойлгохгүй байх нь элбэг. Гэтэл энэ нь өдөр бүр хийдэг, гаргадаг том, жижиг төрөл бүрийн сонголт, шийдвэрүүдэд нөлөөлж байдаг.

Бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тодорхой дүнтэй мөнгийг төлөх нь боломжийн гэж бид бодож буй бол энэ нь үнэ цэнийг илэрхийлнэ. Үнэ бол мэдээж ойлгомжтой. Уг бүтээгдэхүүнийг зарж борлуулж буй газрын санал болгож буй үнийг хэлнэ. Бидэнд худалдан авалт хийх хэрэгцээ байгаад үнэ цэнэ нь үнэтэй тэнцүү эсвэл илүү өндөр байгаад бас дээр төлөх мөнгө нь байвал худалдан авах шийдвэрийг гаргана.

Ийм энгийн ойлголтуудад бид яагаад анхаарал тавих хэрэгтэй юм бэ гэж та асууж болох юм. Яагаад гэвэл үнэ ихэнх тохиолдолд бүх хүмүүст ижил байдаг бол үнэ цэнэ харилцан адилгүй байдаг. Болд, Сүхээ хоёрын хэн хэн нь шинэ ухаалаг утас худалдаж авах хэрэгтэй байжээ гэж бодъё. Шинэ загварын iPhone X утасны үнэ 3.3 сая төгрөг байв. Болд худалдаанд гарахаас нь өмнө мөнгийг нь төлж захиалж авсан бол мөнгөний боломжтой хэдий ч Сүхээ 800 мянган төгрөгөөр тун боломжийн андройд утас худалдаж авсан байна.

Болд шинэ загварын утсанд хамаг мөнгөө үрдэг, бусдад тэрийгээ гайхуулах дуртай "брэндлэг" залуусын нэг л биз гэж та бодож болох л юм. Тийм ээ магадгүй. Үнэн байлаа гэхэд брэндлэг Болдын хувьд шинэ загварын утас хэрэглэдгээ бусдад харуулах нь маш чухал ч байж болно шүү дээ. Үгүй байлаа гэхэд Болд өдөр тутмын ажлын болон амьдралын олон шийдвэр гаргахад утас нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг, өнөөдөр ашигладаг 6S утсаа шинэ загвар руу шилжүүлэхэд бүх мэдээлэл, апп, тохиргоонууд нь ямар төвөггүйгээр шилждэг, шинэ утсаа хэрэглэж сурахад төвөггүй байдаг, магадгүй шинэ сонирхолтой функцүүд нь кайф өгдөг байж болох л юм. Аль ч тохиолдолд Болдын хувьд энэ утас төлж буй үнээсээ багагүй үнэ цэнэтэй байжээ.

Үнэ ба үнэ цэнийн ялгаа амьдрал ба бизнест

Шинэ утас хэрэглэж дадахад төвөгтэй гээд өөр брэндийн утас авахаас төвөгшөөдөг хүмүүс олон бий. Та Тэди төв дээр гар утасны үнэ цэнийг хүмүүс хэрхэн үнэлж буйг анзаарч болох юм. Чихэндээ барьж үзээд хамт яваа найздаа би ямар харагдаж байна гээд том нь гоё байна гэсэн хариу сонсоод маш сэтгэл хангалуунаар боодолтой бэлэн мөнгөөр хамгийн үнэтэй загварыг нь худалдаж аваад явах ченж нэгэн байхад камерыг нь л төрөл бүрээр зураг, видео аван туршиж үзэх инстаграмчин охин, үзүүлэлт бүрээр нарийн харьцуулалт хийн бараг л 89 оноогоор энэ загварын утас яллаа гэж тооцоолох инженер залуу ч бас дайралдана.

Төлбөрийн боломж мэдээж бидний худалдан авалтын шийдвэрт нөлөөлдөг. Гэхдээ боломжгүй байна гэдэг нь тухайн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасгадаггүй ажээ. Нөгөө талаас нь харвал тухайн бүтээгдэхүүний үнэ нь үнэ цэнийг нь шууд өөрчилдөггүй. Бид тухайн бүтээгдэхүүнд хэдийг төлбөл боломжийн бэ хэмээн үнэ цэнийг нь тогтоосны дараа санал болгож буй үнэ хэр тохиромжтой байгааг харьцуулдаг. 

Хэрэглэгч үнэ цэнийг тооцоолохдоо маш олон төрлийн ялгаатай хүчин зүйлсийг тооцдог болохыг бид дээрх жишээнүүдээс харсан. Энд цаг хугацааны хүчин зүйлс ч бас чухал. Жишээ нь: орон сууц худалдаж авахад ирээдүйд уг үл хөдлөхийн үнэ хэр өсөх вэ магадлалтай вэ гэдгийг тооцох нь маш чухал. Ирээдүйд үнэ нь өсөх магадлалтай үл хөдлөхийн үнэ цэнэ илүү өндөр байж чадна.

Худалдан авах, авахгүй байх шийдвэр гаргалтыг дараах байдлаар энгийнээр томьёолж бас болно.

  • Хэрэв үнэ цэнэ >= үнэ бол бид худалдаж авахыг хүснэ,
  • Хэрэв төлбөрийн боломж >= үнэ бол бид худалдаж авж чадна,
  • Хэрэв дээрх аль аль нь үнэн бол бид худалдаж авна.

Бизнесийн стратеги, шийдвэр гаргалтад үнэ цэнэ чухал

Бүтээгдэхүүний өртөгт түүнийг бүтээх, үйлдвэрлэх, хүргэхэд шаардлагатай байсан түүхий эд, материал, цалин, зээлийн хүү, зар сурталчилгаа, татвар, лиценз гэх мэт маш олон төрлийн зардлууд шингэсэн байдаг. Тодорхой үнээр зарж борлуулсан орлого болон өртөг, зардлын зөрүү нь ашиг болдог гэдэг нь хэнд ч ойлгомжтой энгийн ойлголтууд.

Харин үнэ цэнэ бол танай боломжит хэрэглэгч бүтээгдэхүүнд тань ямар мөнгө төлбөл боломжийн гэж үзэж буй дүн юм. Энэ таваг хоолыг хийхэд 200 грамм мах, тэдэн грамм будаа, давс, за тог цахилгаан, цалин, түрээс гээд бусад зардлаа бодохоор дээд тал нь 6,800 төгрөг болно. Яагаад энэ хоолыг 18,800 төгрөгөөр зарж байгаа юм бэ гээд гайхширсан хүмүүс байдаг. Гэтэл байршил ойр, сайн үйлчилгээтэй, тухтай орчинд шинэхэн материалаар сайн тогоочийн хийсэн сайн амттай хоолонд энэ үнийг сэтгэл хангалуун төлөх хүмүүс бас олноороо байж болох л юм. Энэ нь тэд зүгээр л мөнгөтэй хүмүүс гэсэн үг огт биш, харин уг хоол санал болгож үнээсээ дутахгүй үнэ цэнэтэй гэж үзэж байна гэсэн үг.

Үнэ тогтоохдоо өртөгт суурилах уу? Үнэ цэнд суурилах уу?

Бүтээгдэхүүний үнийг тогтооход бизнесүүд өртөгт эсвэл үнэ цэнд суурилдаг. Өртөгт суурилан үнэ тогтооход өртгөөс нь хамааран тухайн бүтээгдэхүүний боломжит доод, дээд үнийн босгыг тооцож гарган зах зээлд өрсөлдөхүйц байх үнэтэй харьцуулна. Хэрэв өрсөлдөхүйц үнэ нь боломжит доод үнээс доогуур байгаа бол өртөг, зардлаа бууруулах арга замуудыг хайх хэрэгтэй болно. Илүү өндөр бол ашигт ажиллагаа сайн байна. Харьцангуй энгийн аргачлал тул өргөн хэрэглэгддэг.

Хэрэглэгчид нь сэтгэл ханамжтай, үйл ажиллагаа нь ашигтай бизнесүүд урт хугацаанд тогтвортой амжилттай ажиллаж чаддаг. Үнэ тогтоохдоо үнэ цэнд суурилахад уг бүтээгдэхүүн зорилтот хэрэглэгчдэд ямар үнэ цэнийг өгч байна гэдгийг тооцоолох байдлаар гаргадаг тул бизнесийн ашигт ажиллагаанд эерэг нөлөөтэй. Учир нь ингэж тогтоосон үнэ өртөгт суурилсан үнээс илүү өндөр, гэхдээ үнэ цэнэтэй тул хүмүүс худалдан авалт хийдэг.

Мэдээж үнэ өндөр байх нь тодорхой бүлгийн хэрэглэгчид үнийн хувьд илүү хямд, өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг сонгоход хүргэнэ. Ялгаралтай, тодорхой сегментийн хэрэглэгчдийн хэрэгцээнд чиглэсэн бүтээгдэхүүнд энэ аргачлал илүү тохиромжтой бол массын бүтээгдэхүүнүүд өртөгт суурилах нь түгээмэл.

Яагаад бусдаас ялгаралтай, тодорхой сегментийн хэрэглэгчдэд төвлөрсөн бизнесүүд амжилттай байж чаддаг тухай та манай дараах нийтлэлээс танилцаарай.

ХОЛБООТОЙ: Хамгийн сайн, хамгийн том байх нь бизнесийн амжилтанд хүргэх үү?


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden