Интерьерийн талаар таны мэдлэгт
Интерьер дизайн нь орон зайг гоё сайхан харагдуулахаас арай өргөн хүрээтэй ойлголт юм. Интерьер бол орон зайг удирдах зэвсэг ч гэж ярьдаг. Тухайн орон зайд зөв бөгөөд хүссэн орчноо бүрдүүлэхийн тулд доорх гол зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.
1. Орон зайн онцлогоо ойлгох
Эхлээд тохижуулах гэж байгаа орон зайг сайтар ажиглаж ойлгоно. Шаардлагатай хэмжилтүүдийг хийнэ. Тухайн орон зайд цонх байгаа эсэх, хана эзлэх талбай бага, хэтэрхий олон хаалгатай эсэх, тааз нь хир өндөр эсвэл намхан гэх мэт. Тухайн өрөө хэтэрхий урт, нарийхан тааз намхан байвал тохижуулахад их сорилт шаардана. Ийм хэсэг бол бараг л хайрцаг мэт давчуу тул тохижилтоор энэ сул талыг арилгана. Хэт том орон зайг аль болох хэдэн хэсгүүдэд хувааж өөр өөр тохижилт хийснээр тавлаг дулаан уур амьсгал орно.
2. Өнгө, будаг
Өнгө бол интерьерт хамгийн чухал зэвсэг болдог. Өнгөөр орон зайг удирдах нь дизайнеруудаас ур чадвар шаарддаг. Энэ нь хувь хүний зан төрх, сонголттой шууд хамааралтай байдаг учраас хүний амьдарч буй гэр орон, ажиллаж буй оффисийн өнгө төрх тухайн хүний хувь зан чанарыг тодорхой хэмжээнд илтгэж байдаг.
Тохижуулах орон зайдаа ямар өнгө төрх, зан байдал илэрхийлэх вэ гэдэг зорилгоосоо хамаарч өнгө хоорондын зохицол сонголтууд өөр байдаг.
Өнгөнүүдийн гэрэлд харагдах байдал нь өөр байдаг. Шар, хөх, улаан гэсэн өнгүүд нь үндсэн өнгүүд бөгөөд эдгээрээс ууссан үүсмэл өнгүүд бий болно. Улбар шар, ногоон, үзмэн ягаан өнгүүд бол эдгээр үндсэн өнгүүдээс үүсмэл өнгүүд юм. Өнгө бүрийн онцлогт тулгуурлан аль өрөөнд ямар хэсэгт ямар өнгө сонгохыг дизайнерууд санал болгодог. Улаан өнгө бол өдөөх онцлогтой өнгө тул ихэвчлэн хооллох хэсэгт зочинтойгоо яриа өрнүүлэх, энтертэйн хийх яриа зорилгоор ашигладаг. Хөх өнгө нь нам гүм , амар тайван байдлыг шингээсэн байдаг тул ихэвчлэн унтлагын өрөөнд ашигладаг. Гэхдээ хүн бүрийн хувь зан чанараас хамаарч ямар өнгө түлхүү ашиглах нь хамаардаг. Мөн өнгөнүүдийн хоорондын зохицолыг ашиглан орон зайд уур амьсгал бүрдүүлэх боломжтой. Том саруул гэр бүлийн өрөө тааз нь хонгилтой бол аль болох дулаан өнгүүдийг дотор тохижилтондоо ашиглах хэрэгтэй.
3. Тавилгууд:
Тавилгууд маш олон зориулалтын байдаг боловч нийтэд нь суух зориулалтын, унтах, хадгалах гэсэн ерөнхий 3 зориулалттай байдаг. Тавилгуудын хэмжээ болон хэлбэрүүд нь өрөөний хэмжээ хэлбэрээс хамаарна. Урт нарийн орон зайд аль болох 2 хуваасан хэсэгт өөр төрлийн тавилга сэлт тавих нь тохиромжтой байдаг. Дөрвөлжин өрөөнд бол ихэвчлэн өрөөний голд олон тавилгуудыг бөөнд нь байрлуулах нь тохиромжтой.
Тавилгууд хүний тав тухын хэрэгцээг хангахаас гадна өрөөг орон зайтай харагдуулах, хувааж харагдуулах үүрэгтэй байдаг.
Тавилгыг сонгохдоо таны амьдралд гүйцэтгэх үүргийг чухалчилахаас гадна урт хугацаанд ашиглах, эдэлгээ даах чадварыг нь харж аль болох чанартай байх талаас нь бодолцож авах нь зөв.
Сүүлийн үеийн тавилгын трэнд хэрэгцээ болон орон зайн хүчин зүйлээс хамаарч built-in буюу хананд суурилсан байдлаар шийдэгдэх нь их болсон.
4. Гэрэл гэрэлттүүлэг
Гэрэл гэрэлтүүлгийг зөв шийдсэнээр орон зай доторх тавилга, декорын харагдах байдал, өрөөний орон зай тав тух зэргийг тодорхойлдог. Өрөөний гэрлийг шууд болон шууд бус, байгалийн гэрэл гэсэн ерөнхий 3 хэсэгт авч үздэг.
Байгалийн гэрэл өрөөнд зөв тусгах нь цонхны үзүүлэлтээс хамаардаг. Харин байгалийн гэрэл тусдаггүй хэсэгт байгалийн гэрэлтэй мэт орчин бүрдүүлэх нь тийм ч амар биш. Маш гоёмсог абжур бол ихэвчлэн зочны өрөө болон хооллох хэсэгт зохимжтой. Тухайн орчныг нам гүм амар амгалан болгох уу, эсвэл хурц гэрэлтэй эрч хүч авах хэсэг болгох эсвэл саруулхан том болгох уу гэдгээс хамаарч гэрлийн шийдлийг сонгоно.
Том өрөөний абжурын гэрэл хамгийн багадаа 150 ватт, ихдээ 200-300 ватт хүчин чадалтай байх нь зохимжтой.
Ширээний гэрэл нь шууд бус тусгалтай учраас орчныг илүү тав тухтай болгоно. Гэрлийн бүрхүүлийг сонгохдоо бас өрөөний интерьерийн зорилготой уялдуулах хэрэгтэй.
5. Хээ, дүрс, ханын зураг
Тухайн интерьерт ашиглаж байгаа аливаа материалын хээ, зураг, дүрс тухайн тохижилтийг удирдах бас нэгэн хэрэгсэл болдог.
Маш том, цэлгэр саруул орон зайд аль болох том зураг хэвлэл, хээтэй даавуун эдлэл тавилга зэргийг тавьсанаар орон зай илүү тав тухтай болж ирдэг.
Маш өндөр таазтай өрөөнд цонхны хөшигийг уртаар нь хийснээс дундаа том том цагираган гоёлтойгоор хийвэл өрөө илүү сонирхолтой дулаан, тухлаг харагдана.
Ханын зурагны сонголт маш чухал. Тавилга, декор нь эртний хийц шингэсэн байгаа тохиолдолд өргөн хүрээтэй хээ хуартай эртний ганц хоёр чанартай, оригнал эхээр бүтсэн ханын зураг байвал тохиромжтой.
Өрөө орчин үеийн хэт нүсэр биш тохижилттой бол хөнгөн нимгэхэн хүрээтэй өнгөлөг зургууд тохиромжтой гэх мэт.
iPhone: Apple хэтэвчнээсээ хувааж төлөх боломж
Гэр бүлийн бизнес эрхлэхэд туслах 12 зөвлөгөө