Монголд бараг байхгүй 5 бизнес
15 жилийн өмнө Улаанбаатарт кофе шопны сүлжээ алга, нээвэл яах бол гэсэн бодол энтрепренерүүдийн толгойд орж байсан биз. Харин өнөөдөр байж болох бүх бизнес, брэндүүд ямар нэгэн хэлбэрээр Монголд ороод ирчихсэн гэх бодол илүү төрнө. Энэ нийтлэлээрээ манай улсад бараг л байхгүй, шинэлэг, сонирхолтой байж болох зарим бизнесийн жишээнүүдээс хуваалцъя.
1. Финтек буюу санхүүгийн технологийн бизнес
Энэ төрлийн бизнесүүд Монголд бий, гэхдээ цөөхөн. Хиймэл оюунд суурилсан зээлийн апп болох ЛэндМН жишээ нь хувьцааны анхдагч зах зээлд хөл тавьж байна. Финтек нь хиймэл оюун, машин сургалт, блокчэйн гэх мэт шинэ, хөгжиж буй технологиуд дээр суурилдаг тул бизнесийн цоо шинэ гайхалтай боломжуудыг дэлхий даяар бий болгож байна.
Автомашины үйлдвэрлэлийн салбарт бид ороход хэт хожимдсон гэхэд буруудахгүй бол финтек эсрэгээрээ оролцоход оройтоогүй байгаа. Уламжлалт банк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн тогтолцоо ч энэ шинэ давалгаатай хэрхэн нүүр тулахаа сайн ойлгож амжаагүй л байгаа.
Биткойн гэдэг шиг Монголкойн гаргавал ямар вэ? Эсвэл Lending Club шиг p2p зээлийн платформ хийгээд хүмүүс банкаар дамжуулалгүй бие биендээ шууд мөнгө зээлдэг болгочихвол ямар вэ? Хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг хиймэл оюуны бот хийж бас болох юм.
Финтекийн гарааны бизнес эхлүүлэх нь ирээдүйд том амжилтыг авчрах магадлалтай ч дампуурах магадлал нь технологийн бусад стартапуудын адил тун өндөр болохыг анхаараарай. Бизнес, технологийн төдийгүй санхүү, эдийн засаг, математик, компьютерын ухааны нарийн мэргэжлийн гавал багтай хүмүүсийн оролдох бизнес.
ХОЛБООТОЙ: Үнэ ба үнэ цэнийн ялгаа амьдрал ба бизнест
2. Mobile Virtual Network Operator (MVNO) буюу өөрийн дэд бүтэцгүй үүрэн холбооны виртуал оператор
MVNO оператор нь өөрийн сүлжээгүй харин бусад операторын үүрэн холбооны сүлжээний дэд бүтцийг бөөний үнийн гэрээ байгуулан ашиглаж жижиглэнгийн үнээр зарах хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Радио сүлжээгүй хэдий ч өөрийн гэсэн брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээтэй, маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээгээ бие даан хийдэг. Дэлхийн олон улс оронд цөөн тооны томоохон операторууд л өөрийн сүлжээг байгуулдаг бол олон MVNO операторууд сүлжээ түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Том операторууд масс хэрэглэгчдийн сегментүүдэд чиглэх нь түгээмэл бол MVNO операторууд тодорхой ниш сегментэд тохиромжтой бүтээгдэхүүнийг санал болгон ялгаран үүсгэх нь элбэг. Өндөр хөрөнгө оруулалттай дэд бүтэц, олон салбарууд ажиллуулдаггүй, бэлэн сим карт худалдаалах, онлайнаар үйлчилгээ үзүүлэх нь илүү тул илүү хямд үнэ санал болгох нь ч бас бий.
Монголд - энэ төрлийн үйлчилгээний лицензийн хууль, эрх зүйн зохицуулалт өнөөдрийн байдлаар (2018-03-06) албан ёсоор эцэслэгдэн гараагүй байна. 2015 оны сүүлчээр Харилцаа Холбооны Зохицуулах Хороо судалгаа, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 14 дүгээр хуралдааны мэдээлэлтэй танилцана уу. Хэрэв хууль, эрх зүйн зохицуулалт бий болбол харьцангуй бага хөрөнгө оруулалтаар өөрийн үүрэн холбооны операторын бизнесийг эрхлэх боломж нээгдэнэ.
3. Дижитал банк
Мэдээж манай арилжааны банкууд дижитал шилжилт алхам алхмаар хийж буй. Бид онлайн банкны үйлчилгээг хэрэглэн компьютер, гар утсан дээрээсээ гүйлгээ, тооцоо хийдэг болсон. Гэхдээ л банкны үйлчилгээний уламжлалт хэв маяг давамгайлсан хэвээр. Яаж ийгээд л банк руу очих хэрэг гарчихдаг.
Та гар утсаараа данс нээж, бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээ байгуулж, төлбөрийн карт захиалж, зээл авч чадаж байгаа юу? Өөрөөр хэлбэл хэзээ ч банкны салбар руу очихгүйгээр банкны бүхий л үйлчилгээг авч чадаж байгаа юу?
Олон хэрэглэгчидтэй, хаа саагүй өнцөг булан бүрд салбаруудтай, актив ч өндөр Хаан, ХХБ, Голомт, Хас зэрэг том банкнуудтай шууд өрсөлдөх банк шинээр байгуулах боломж тун бага мэт. Харин цэвэр дижитал загвартай банк байгуулбал digital native буюу шинэ мянганы дижитал залуусын зах зээлийг татах боломжтой. Ийм банкнууд дэлхийд олон бий.
4. Дата аналитикийн компани
Том, жижиг өгөгдөл, бүтэцтэй, бүтэцгүй өгөгдөл бидний эргэн тойрон маш их хэмжээгээр бий болж байгаа. Энэ олон төрлийн өгөгдлийг хураан цуглуулж, олборлон шинжилснээр аливаа шийдвэр гаргалтад хэрэгтэй дүгнэлтийг гаргах нь орчин үед гайхалтай шинэ боломжуудыг бий болгож байна.
Бизнесийн хэрэглээний энгийн жишээнүүдээс авч үзвэл:
- Маркетинг. Маркетингийн кампанит ажил төлөвлөх, үр өгөөжийг таамаглах, тооцох, сайжруулах. Хэрэглэгчдийн өрсөлдөгч рүү хийх шилжилтийг таамаглах, сэргийлэх. Хэрэглэгчийн шилжиж буй шалтгааныг олж тогтоох.
- Борлуулалт. Борлуулалтыг таамаглал хийх. Боломжит хэрэглэгчдийн худалдан авалт хийх магадлалыг тооцоолох. Хэрэглэгчтэй уулзалт товлох, утсаар ярих, и-мэйл илгээх цагийг илүү оновчтой сонгох.
- Үйл ажиллагааны менежмент. Бараа материал, үйлдвэрлэлийн оновчтой хэмжээг таамаглах.
- Эрсдэлийн үнэлгээ, менежмент. Банк санхүү, даатгалын байгууллагуудын эрсдэлийн үнэлгээнд өргөн хэрэглээтэй.
- Луйвар, залилан таних. Хэрэглэгчийн үйлдэл, зан төлөвийн өгөгдлүүдээс луйврын боломжит тохиолдлыг таньж тогтоох гэх мэт.
5. Цахилгаан машин
Тийм ээ, Тесла ярьж байна. Бид хайбрид машинд тун дуртай гэдэг нь нэг хүнд ногдох Приусын тоогоор батлагдаж байгаа. Хэзээ бүрэн цахилгаан машин унацгаах вэ?
Мэдээж цэнэглэх станцуудын дэд бүтэц байгуулах тийм ч амаргүй, өндөр хөрөнгө оруулалт шаардана. Цөөхөн хэд байх нь хангалтгүй тул нэлээд хэдийг байгуулж байж хэрэглэгчийн итгэлийг олж авна. Тийм хямдхан машин биш, гээд бодохоор тул ойрын хэдэн жилд боломжгүй санагдана.
Гэхдээ л Элон Маск олон хүний боломжгүй гэж харсан зүйлийг болгочихдог, түүхэнд цөөхөн төрдөг технократ болохыг саяхан Falcon Heavy пуужингаа хөөргөн өөрийн Tesla Roadster машинаа сансарт гаргаснаас харсан. Сансарт аваачиж болж байхад бол Монголд яагаад болохгүй гэж?
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Ногоон технологи яагаад чухал вэ?
"River garden" хотхон - СӨХ төлбөр юунд зарцуулагддаг вэ?