Хамгийн сайн, хамгийн том байх нь бизнесийн амжилтад хүргэх үү?
Салбарынхаа хамгийн сайн нь, шилдэг нь, том нь, манлайлагч нь байхыг зорьдог компаниуд олон. Гэхдээ энэ нь бизнесийн амжилтад гарцаагүй хүргэх найдвартай зам мөн үү?
20-р зууны шилдэг CEO гэгддэг Дженерал Электрикийн гүйцэтгэх захирал асан Жак Вэлч салбарынхаа 1 эсвэл 2 номерын компани биш охин компаниудаа хааж, 100 гаруй мянган ажлын байр цомхтгож байсан. Барилга, тоног төхөөрөмж нь үлдээд хүмүүс нь байхгүй болдог байсан тул нейтроны бөмбөгтэй зүйрлэгдэн Нейтрон Жак гэж хоч авсан тэрээр 20 гаруй жилд компанийнхаа нийт хувьцааны үнэлгээг 14 тэрбумаас 400 ам. тэрбум болгож чадсан. Тэгэхээр салбарынхаа манлайлагч байх нь гайхалтай стратеги биш үү?
General Motors компанийн "May the Best Car Win" буюу "Хамгийн сайн машин нь ялах болтугай" гэсэн уриаг та анзаарч байсан байх. Олон захирлууд хамгийн сайн нь, том нь байхыг уриалдаг, зорьдог. Ийм зоримог байхад бүгд л дуртай байдаг. Хөрөнгө оруулагчид, ТУЗ, бизнесийн эздүүдэд ч таалагддаг. Иймээс ч олон компаниуд салбарынхаа манлайлагчийг дагадаг, дуурайдаг, давж гарахыг хичээдэг. Эрхэм зорилгодоо энэ тухай хамгийн сайн бүтээгдэхүүн, хамгийн шилдэг үйлчилгээ, салбарын манлайлагч, тэргүүлэгч байх зэрэг үг хэллэгүүдээр оруулчихсан байдаг.
ХОЛБООТОЙ: Үнэ ба үнэ цэнийн ялгаа амьдрал ба бизнест
Бизнес бол дайн тулаан биш
Харин өрсөлдөөний стратегийн эцэг гэгддэг Майкл Портер хамгийн шилдэг нь байх гэдэг нь өөрөө шилдэг стратеги биш, сайндаа л дундаж үр дүнд хүргэдгийг онцолдог. Ихэнх хүмүүс ялангуяа удирдлагууд ялан дийлэхийг боддог. Гүйцэтгэх удирдлагууд "тэмцэгчид" байдаг шүү дээ.
Дайнд ялдаг эсвэл ялагддаг. Спортод ч бас алдарт Аббагийн дуулдгаар ялагч бүх алдар хүндийг авдаг. Мөнх-Эрдэнэ арслангийн 5 үзүүрийг дурсаж ярих хүмүүс улам л цөөрнө, харин Бат-Эрдэнэ аваргын 11 түрүүг түүх хэзээ ч мартахгүй. Гэтэл бизнес бол дайн тулаан, спортоос ялгаатай.
Бензийн седан сайн уу, Тоёотагийн приус сайн уу? Хариулт нь өнгөц бодоход ойлгомжтой мэт боловч бизнесийн ашиг орлого, амжилтынхаа хувьд аль аль нь сайн байж чаддаг. Ихэнх салбар янз янзын хэрэгцээтэй олон төрлийн хэрэглэгчидтэй байдаг. Бүх хүнд 100% таалагддаг бүтээгдэхүүн гэж байхгүй. Иймд бизнест цор ганц ялагч гэж байхгүй, харин харилцан ялгаатай олон ялагч байж болдог.
Бусдаас ялгаатай байхад сайн стратегийн утга учир оршдог
Бизнест хамгийн сайн, том нь болох, өрсөлдөгчөө дарах, бялуу хуваах сэтгэлгээнд суурилсан өрсөлдөөн эцэст нь салбараа ашиггүй болгодог. Ийм өрсөлдөөний үед бүтээгдэхүүнүүдийн ялгарал багасаж бараг ижил шахуу болдог тул үнийн дайнд орж улмаар ашиггүй шахам ажиллацгаадаг. Хэрэглэгчид үүнээс хождог мэт санагдах боловч компаниудын ашигт ажиллагаа тааруу байх нь бизнесийнх хөгжил дэвшил, инновацид саад болдог. Улмаар салбарын хөгжлийг ч хойш нь татдаг.
Бусдаас өөр байх стратеги барьдаг компаниудын бүгдийн сайн мэддэг жишээ бол Apple. Өөрөөр сэтгэ гэсэн уриаг нь ч та бүхэн санаж байгаа. Техникийн үзүүлэлт, функц, технологийн дэвшил талаас нь харвал iPhone хамгийн шилдэг нь уу гэвэл бас маргаантай. Харин бусдаасаа өөр үү? Өөр. Хамгийн сүүлийн үеийн андройд утас хэрэглэдэг хүн найзынхаа шинэ загварын iPhone утсыг хараад наад утасны чинь шинэ функц аль хэдийн миний утсанд байсан гэж хэлж мэдэх л юм. Гэхдээ л найз нь iPhone утсандаа сэтгэл хангалуун хэвээр л байдаг.
Бүх хүмүүс хэрэглэдэг үү гэвэл бас үгүй. Зах зээлийн тодорхой сегментүүдэд харин маш хүчтэй өрсөлдөж чаддаг, тэдний хувьд хамгийн тэргүүн сонголт нь байж чаддаг. Энэ нь зөв стратеги байсан гэдэг нь тэдний урт хугацааны ашигт ажиллагаа, тогтвортой өсөлтөөр батлагддаг. Apple ухаалаг гар утасны зах зээлд тоо хэмжээгээр 10%-20%, борлуулалтаар 30%-40% орчим хувийг эзэлж ирсэн бол ашгийн 70%-90% орчмыг дангаараа эзэлдэг байна.
“Өрсөлдөөний стратеги нь бусдаас өөр, ялгаатай байх тухай асуудал. Санаатайгаар бусдаас өөрөөр ажиллаж өөрийн гэсэн онцлог ялгаатай үнэ цэнийг хүргэхэд утга учир нь оршино.” - Майкл Портер
Хэр том байх хэрэгтэй вэ?
Салбарын хамгийн том тоглогч байх нь давуу талуудтай юу гэвэл тийм. Гэхдээ энэ нь урт хугацаандаа амжилттай байхын шууд баталгаа огт биш. Нөгөө талаас нь харахад бизнес ашигтай ажиллахын тулд мэдээж хангалттай том байх шаардлагатай. Зах зээлийн 10% ч хангалттай байх нь олонтоо. Хамгийн гол нь бусдаас ялгаатай үнэ цэнийг хүргэдэг, хэрэглэгчид харин энэ үнэ цэнд тохирсон үнийг төлдөг байхад оршино.
ХОЛБООТОЙ: Үнэ ба үнэ цэнийн ялгаа
Ялгарал уу, өртөг зардал уу?
Зах зээлийн судалгаа, стратегийн шинжилгээнүүд мэдээж хэрэгтэй. Энгийн PESTEL, SWOT шинжилгээнээс эхлээд нарийн төвөгтэй Портерын таван хүчний загвар, Маккензи, Бостон матрицууд гээд олон аргачлалууд бий. Харин энгийн атлаа үр дагавар нь бизнест бодитойгоор тусгалаа олж байдаг нэгэн ойлголт нь өрсөлдөөний давуу тал юм. Үүнийг ялгарлаар эсвэл өртөг, зардлын манлайллаар бий болгодог.
Зарим компаниуд ялгаралтай бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр борлуулж чаддаг бол зарим нь боломжийн бүтээгдэхүүнээ илүү хямд үнээр борлуулж чаддаг. Харин дунд нь гацчихсан, дээрх төрлийн компаниудын аль алинтай өрсөлдөх чадваргүй стратегитай компаниуд олон байдаг бөгөөд тэд олигтой ашиггүй ажилладаг.
"Өрсөлдөөний давуу тал байхгүй бол бүү өрсөлд." - Жак Вэлч
Юуг хийхгүй байх вэ гэдэг нь юуг хийх вэ гэдгийн адил чухал
Бизнесийн стратегийн нэг чухал хэсэг нь аль салбарт юуг хэнд зориулж хийх вэ гэдэг сонголт. Ашигтай гэж харсан л бол хийх гэж оролдох нь сайн бизнесийг ч уруудах замд нь хөтөлдөг. Учир нь ашигтай гэж харж буй уг бизнесийг амжилттай хийх давуу талууд тэр компанид байхгүй байж мэдэх юм. Жишээ нь:
- Шаардлагатай ур чадвар бүхий хүний нөөц, экспертиз байхгүй эсвэл өөрсдийн чадавхийг бодит байдлаас хэт өндрөөр үнэлсэн байдаг, хэт сэтгэлийн хөөрлөөр "бид чадна" гээд бодчихдог,
- Одоогийн тоглогчдын байгаа хямд түүхий эд, лиценз, патент, байршил, дэд бүтэц, синерги, нөү-хау, экспертиз, байгууллагын соёл, менежмент, манлайлагч гэх мэт давуу талуудыг өнгөц, дутуу үнэлдэг,
- Санхүүгийн болон хүний нөөцөө тарамдсанаас шинэ бизнес төдийгүй хуучин бизнесүүдийнх нь үйл ажиллагаа доголддог.
2010-2012 онуудын эдийн засгийн хурдтай тэлэлтийн үед компаниуд олон шинэ салбарт хөрөнгө оруулалт хийцгээсэн. Энэ үед юуг хийх, юуг хийхгүй гэдгээ тодорхойлж, хэрэгжүүлж, төвлөрч чадсан бизнесүүд хямралын жилүүдийг илүү "хөнгөн" давж байгаа болов уу.
“Deciding what not to do is as important as deciding what to do.” - Steve Jobs
21-р зууны даяарчлалын эрин үед тодорхой сегментийн хэрэглэгчдийн тодорхой хэрэгцээ, шаардлагад бусдаас илүү нийцсэн, ялгарал бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг урт хугацаанд тогтвортой инноваци хийн хүргэх нь бизнесийн илүү өндөр амжилтуудад хөтлөх болжээ.
Эцсийн эцэст хүмүүс ч тэр, байгууллагууд ч тэр өөрсдийн ажил, амьдралд бодит үнэ цэнийг өгч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийг сонгодог, итгэдэг, урт хугацаанд үнэнч хэрэглэгч нь болдог. Ийм хэрэглэгчидтэй бизнесүүд стратегиа зөв тодорхойлдог, хэрэгжүүлдэг, урт хугацаандаа ч тогтвортой ашигтай ажилладаг ажээ.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон.
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Үнэ ба үнэ цэнийн ялгаа амьдрал ба бизнест