<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jul 4, 2022

Эртний Монгол Наадам

Наадам бол Монголчуудын хувьд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг цөөн баяруудын нэг юм. Монгол Наадам үүссэн түүхийг орчин цагийн судлаачид тэртээх Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зууны түүхтэй холбон тайлбарладаг. Тиймээс Монгол Наадам бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл болсоор ирсэн билээ.
Моринд гарамгай, суранд цэцэн, бөхөд эрэмгий байх нь монгол эрийн заавал эзэмших 3 чадварт тооцогддог байсан үеэс улбаалан Монгол Наадмыг эрийн гурван наадам гэж нэрлэх эхлэл тавигдсан.

2(426)
Газар нутаг, эх орноо хамгаалахад Монгол эр хүн морийг гарамгай унахын сацуу нум сумаар мэргэн харваж дайснаа устгах, гардан тулалдаанд сэлэмгүй орохдоо бөхийн уран мэхийг ашиглах шаардлагатай тул ийнхүү жил бүр монгол эрчүүд энэ гурван чадвараа бататган харуулах зорилгоор Монгол Наадмыг хийдэг байсан ажээ.
Энэхүү тэмдэглэлт баяр нь он цагийн явцад улам өргөжин төрт ёсны ойн баяруудтай давхцуулан тэмдэглэх болсноор өнөө цагт Монгол түмний хамгийн бахархалт том баяр наадам болон хувирсан байна. Түүнчлэн зөвхөн эрийн гурван наадам гэж тэмдэглэдэг байсан бол сурын харваанд эмэгтэйчүүд ч цэц мэргэнээ сорьдог болсоноор Монгол Наадам улам өргөн цар хүрээтэй болсон.
Гадны жуулчид Монголчуудын энэхүү бахархалт баярыг онцлон сонирхох болсноор Монгол ёс заншил, Монгол хүний онцлог, Монгол соёлыг энэхүү наадмаар харах болсон билээ.
Орчин цагт Монгол Наадам улам бүр шинэчлэгдэн эрийн гурван наадам, төрт ёсолгоо, энтертэйнментийн цогцлол болж үндэсний фестивалийн хэмжээнд тэмдэглэгдэх болсон.
Жил бүрийн зуны дунд сард ард олноороо дугуй цэнгэлдэх хүрээлэндээ хуран цугларч эрийн гурван наадмаа тусгай дэг жаягийн дагуу зохион байгуулж түрүүлсэн бөх, морь, сур харваачдаа цол бай шагналаар мялааж төрийн өндөрлөгүүд нь ард олноо хүндэтгэн ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ.


Монгол сур харваа
Монгол наадам нь эрхий мэргэн харваачдын цэц мэргэнээ сорьдог сур харваагаар эхэлдэг жамтай. Монгол хүн морин дэл дээрээсээ сур харвах чадварыг өвлөсөн байдаг. Түүгээрээ бахархан гайхуулах сурын харваа нь дэг жаяг, харвах аргын хувьд 3 янз байдаг. Халх, Урианхай, Буриад гэсэн 3 төрлүүдээс Халх харваа нилээд түгээмэл хөгжсөн байдаг. Халх харваанд эмэгтэй харваачид нийт 20 сум тавьж 60 метрийн цаана байрлах байг онохоор уралддаг. Харин эрчүүд нийт 40 сум тавьж 75 метрт байгаа байг онохоор уралддаг.

774f03842ac9cee3588fe9124cc0cb5c607ecd6f
Урианхай харваанд зөвхөн эрчүүд цэц мэргэнээ сорьдог бөгөөд нийт 5 сум тавьж 30-40 метрт байрлах Сарампай хэмээх үхрийн арьсан дээрх байг онохоор уралддаг.
Харин Буриад харваа бол Буриад үндэсний хувцастай харваачид 35 – 40 метрт байрлах байг харван уралддаг.
13 р зууны үеийн Монгол айл бүрт морин хуураас гадна нум сум байдаг байсан. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан Монгол хүн бол Чингис хааны ач хүү Есүгэний харвасан 330 алд газар бөгөөд энэ нь ойролцоогоор 520 метр газар юм.

Морины наадам
Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Морин дэл дээр өссөн Монгол хүн бүрт моринд гарамгай байх боломж бий. Улс гэрээ төвхнүүлэх, газар нутгаа хамгаалан авч үлдэхээр тэмцэж ирсэн бүх түүхүүд морьтой холбоотой. Чухам л морьтон Монголчууд дэлхийн талыг эзэлсэн түүхтэй ард түмэн. Иймдээ ч моринд гарамгай чадвараа гайхуулан баталахаар жил бүрийн Монгол наадамдаа морин уралдаанд Монгол морины ид хав, хурд, хүчийг морин уралдаан эрийн гурван наадмын 2 дахь наадам болдог. Хүлэг морьдынхоо дотроос хамгийн хурданыг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж нас насны ангиллаар нь хол ойр газарт уралдуулан бэлтгэдэг билээ. Их насны морьдыг 20-22км, соёолон болон азаргыг 20 км, хязаалан насны морьдыг 18 км, шүдлэнг 15км, даагыг 10 км т тус тус уралдуулдаг.

naadam
Монгол наадмын морины уралдаанд хурдан морьдыг 7-13 насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүд унаж уралддагаараа онцлогтой. Учир нь хүүхдийн жин бага учир хурдан морьд аль болох хол замыг туулдаг. Монгол хүүхдийн хэрсүү ухаан, моринд гарамгай өсдөг нь ийнхүү багаас нь морины эрдэмд сургаж эхэлсэнтэй холбоотой.

Хүчит бөхийн барилдаан
Монгол наадмын нээлтийн дараа эхлэх үндэсний бөхийн барилдаан нь 2 өдөр үргэлжилдэг бөгөөд монгол түмний бахархал болсон хүчит бөхчүүдийн ид хаваа гайхуулан барилдахыг харах онцгой нэгэн хэсэг билээ. Наадмын зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэн уран мэхийг уралдуулан барилдах Монгол наадмын бөхийн барилдаан 512 юмуу 1024 гэх тэгш тоотой бөхчүүдийн барилдаанаар явагддаг.

shutterstock_148977278
Монгол бөхийн дэвээ шаваа, барилдах дэг журам, цолны эрэмбэ дараалал гээд эртнээс уламжлалт ёс жаягийн дагуу явагддаг. Бөхөө дээдэлдэг Монгол түмний хувьд Монгол наадмаар барилдан түрүүлсэн бөхчүүдэд цолоо ахиулах боломжийг олгодог билээ.
Анхлан 1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.
1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төрт ёсны их баяр болгон тэмдэглэж байжээ. Түмт мянгатын хүрээнд ч эрийн гурван наадам зохион байгуулдаг байжээ.
16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна. Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна. Ингээд Түшээт хан, Сэцэн хан аймаг Богдхан уулыг, Засагт хан, Сайн ноён аймаг Отгонтэнгэр уулыг тахиж наадам хийж иржээ.
1639 онд Өвөрхангайн Ширээт цагаан нуур-т Түшээт хан Гомбодоржийн 5 настай хүү Занабазарыг Халх монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн Бат-Оршил хэмээх ёслол наадам хийжээ. Энэ нь хожмоо Даншиг наадам хэмээн алдаршсан билээ.
Ардын хувьсгал ялснаас хойш нэг жилийн дараа 1922 онд Буянт-Ухаад улсын чанартай наадмыг анх хийжээ. Үүнийг түүхэнд Цэргийн наадам гэж тэмдэглэсэн. Тэр цагаас хойш Ардын хувьсгалын ойн баяр наадам болгон жил бүр тэмдэглэж иржээ.
2003 оны 6 дугаар сард УИХ “Үндэсний их баяр наадмын тухай хуул”-ийг баталжээ.

5ee1a68ee00ae

Өнөө жил Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын Хувьсгалын 101 жилийн ойн Үндэсний Их Баяр Наадам тохиож байна.


Та бүхэн сайхан наадаарай.