Эцэг эхчүүдийн анхааралд! Хичээлийн шинэ жилийн өмнө бэлтгэх 25 зүйл
Хичээл сургууль эхлэх үед зуны удаан хэмнэл, амралт зугаалгын байдалд байсан хүүхдүүд багагүй стресст ордог билээ. Тэгвэл хичээл эхлэхийн өмнөх долоо хоногуудад хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах нь энэхүү шилжилтийн ачааг бууруулах вэ?
Та болон таны хүүхдийг хичээлийн шинэ жилд бэлтгэлтэй ороход туслах дараах 25 зөвлөгөөг хүргэж байна.
-
1. Хүний бие эрт босч, эрт унтаж дадахад багагүй хугацаа шаарддаг. Иймд хүүхдийн унтлагын цагийг хичээл эхэлсэн үетэй адил болгох хэрэгтэй.
-
2. Хүүхдийг дасгал сургуулилт буюу биеийн идэвхтэй хөдөлгөөн шаардах хоббитой болгосноор илүүдэл эрч хүчийг зарцуулах эрүүл гарцтай болно.
-
3. Музей, түүхэн дурсгалт газруудаар хүүхдээ дагуулан явах нь хичээлд суралцах сэдвийн талаар тархи бэлтгэлтэй болж эхэлнэ.
-
4. Ном унших, чимээгүй төвлөрөн суух хугацаа гаргах нь хичээл даалгавраа хийх дадлыг эрт суулгана.
-
5. Хүүхдэдээ төлөвлөлт хийх болон цагийн хуваарь гаргах арга хэрэгслийг танилцуулж, хөтлүүлэх. Таны хүүхэд технологид татагддаг бол цахим шийдэл, харин дэвтэр, цаас зэрэг уламжлалт арга барилд дуртай бол түүнийг нь авч өгөөрэй.
-
6. Долоо хоног тутам хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргаж, тэдний шинэ долоо хоногийн төлөвлөгөө, хүсэл зорилго, даалгаврыг асууж байгаарай.
-
7. Хүүхдийг анги ахих бүрд компьютер, гар утас, телевиз ашиглаж болох хугацааг шинэчлэн тогтоогоорой.
-
8. Даалгавраа хийхэд шаарддаг хугацааг хүүхдээсээ асууж, бодит байдал дээр шаарддаг хугацаатай харьцуулан ярилцаарай. Энэ нь таны хүүхдэд цагийн менежментийн бодит дадал болно.
-
9. Хийх ёстой зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, тус бүрд нь эцсийн хугацаа оноохыг хүүхдэдээ сургаарай.
-
10. Хүүхдийн хичээл хийх хугацаанд түр завсарлах, амарч тоглох хугацааг заавал тусгаарай.
-
11. Эцэг эхийн хараа хяналтаас үл хамааран хичээл давтах хугацааг хүүхэдтэйгээ тохирч, мөрдүүлж хэвшээрэй.
-
12. Хичээл эхлэхийн өмнө шинэ сургууль, шинэ анги, тоглоомын талбайгаар нь хамтдаа зочлоорой. Танил дасал байдал бий болгох нь стрессийг бууруулах ид шидтэй.
-
13. Өмнөх жилийн хичээлийн хэрэглэлийн нөөцөд хяналт хийж, шаардлагатай шинэ худалдан авалтыг хүүхэдтэйгээ хийгээрэй. Өөрийн сонгосон дэвтэр харандаа, дуртай хоолны сав, таалагдсан цүнхээ үүрсэн хүүхэд хичээлдээ илүү өөдрөг явна.
-
14. Хичээлтэй болон амралтын өдөрт зориулсан тус тусын унтлагын цагийн хуваарийг хүүхэдтэйгээ тохирч, ягштал мөрдүүлээрэй. Ижил цагтаа унтаж, ижил цагтаа босох нь сахилга бат, хувийн зохион байгуулалтад сургадаг.
-
15. Хичээлээс гадна хобби, гэрийн даалгавар, гэр бүлийн цаг зэрэг зүйлсийг хийх ёстой ажилд нь тусгаж, тус бүрийн ач холбогдлыг хүүхдийн хүсэл мөрөөдөлтэй холбож ойлгуулаарай.
-
16. Таны хүүхэд бол таны тусгал. Иймд хүүхдийг хичээл давтаж байх зуур гар утсаа оролдох, телевиз үзэхээс зайлсхийж өөрийн хувийн үүрэг даалгавар дээр ажиллах нь үлгэр жишээ болно.
-
17. Хичээлийн өмнөх өдөр маргааш өмсөх хувцсаа бэлдэх, цүнхээ зэхэх, өглөө нь ороо хураах, ариун цэврийн өрөө хэрэглэх, өглөөний цай уух зэрэг хөтөлбөр дарааллыг хүүхдэдээ хэвшүүлээрэй.
-
18. Багшаас хэлүүлсэн зүйлс, зөвшөөрлийн хуудас, сургуулийн зарлал зэрэг мэдээ мэдээллийг хүлээн авах “шуудангийн хайрцаг”-г гэртээ бий болго.
-
19. Хүүхдийнхээ хэрэглэх хувцас хэрэглэлийг худалдан авахдаа үргэлж тэднийг хамтад нь авч яв.
-
20. Өөрийн гэсэн усны савтай болгож, түүнийгээ хэрэгтэй үед дүүргэн ашиглаж сургах нь ус уух дадлыг бий болгодог.
-
21. Яаралтай үед ашиглаж болох мөнгийг хүүхдийнхээ цүнхэнд өгч явуулж бай. Өлсөх үед идэхээс эхлээд гэртээ харих унаанд ч түүнийг ашиглаж болно.
-
22. Наалт, номын хавчуурга, тодруулагч зэрэг бичиг хэргийн хэрэгслийг хүүхэддээ ашиглуулж сурга.
-
23. Хүүхэд гэрийн ажилд туслах, зорьсон хэмжээнд дүнгээ барих, эерэг дадал зуршилдаа үнэнч байх зэрэг амжилт гаргасан тохиолдолд шагнаж урамшуулах тогтолцоо боловсруулаарай.
-
24. “Гэрийн даалгавраа хийж дуусахгүй бол гадаа гаргахгүй шүү” биш, харин “Гэрийн даалгавраа хийж дуусгаад гадаа тоглож болно” зэргээр эерэг хандлагатай үгс ашиглаарай.
-
25. Хичээл эхлэхийн өмнө хүүхдийнхээ зорьж тэмүүлэх, сэтгэл зовних, айж зүрхшээх, хөөрч догдлох зүйлсийн талаар нээлттэй ярилцаарай. Эцэг эхийн энэ итгэлцэл дэмжлэг нь хичээл эхлэхийн өмнөх стрессийг ихээхэн бууруулах болно.
Танилцуулга татах
NCD Group-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулгыг татаж авна уу.
Бүтээлч сэтгэлгээ шингэсэн хүүхдийн тоглоомын 10 талбай
Garden City 2 төслийн загварын байрны 360 tour