Саяхан тэнтэр тунтар алхан хөлд орж, хорвоог танин мэдэхээр шулганан хэлд орж байсан бяцхан үр тань нэг л мэдэхэд эрдмийн ширээний ард сууж, сургуулийн алтан босгоор алхах цаг иржээ. Аав ээжийн гараас хөтлөн, цэцэрлэгийн багшийн анхаарал халамжаар өлгийдүүлсэн тэд маань мөдхөн биеэ дааж, эрдэм номд шамдан суралцана.
Зургаан настан гэлтгүй томчууд бидний хувьд ч шинэ орчин, шинэ хүмүүс дунд дасан зохицно гэдэг томоохон сорилт байдаг. Иймд хүүхдээ сургуульд ороход нь эдгээр сорилтуудтай хялбар дасан зохицож, учраа олж суралцахад туслах дараах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Шинэхэн сурагчдын хувьд ижилдэн дассан цэцэрлэгийн найзууд анги танхимаасаа холдож өөр орчинд орох нь ямар нэгэн хэмжээнд стресс үүсгэж, сандралд автуулдаг. Түүнчлэн анги даасан багшийн талаар бяцхан айдас байдаг. Ялангуяа Ковид-19 томуугийн хөл хорионоос шалтгаалан бэлтгэл ангиасаа хэсэг хугацаанд хөндийрсөн багачуудын хувьд бэрхшээлтэй учрах нь дамжиггүй. Иймд хичээл эхлэхээс тодорхой хугацааны өмнөөс сургуулийн орчин, өдрийн хэмнэл гээд бүхий л зүйлсийн талаар хүүхэдтэйгээ ярилцах нь чухал. Хэрэв таны хүүхдийн элсэх сургууль Сургуультай танилцах аялалыг хийдэг бол давуу талтай ч ихэнхи сургуульд танилцах аялал байдаггүй тул хичээл эхлэхээс өмнө тэднийг суралцах орчин анги танхимтай нь танилцуулаарай. Энэ нь таны хүүхдийг огт мэдэхгүй шинэ орчинд биш танил орчинд сандралгүй суралцахад дөхөм болно.
Аав ээжээрээ өглөө нь хүргүүлж очоод өдөр нь унтаж амардаг, цаг тутам амттай хоол иддэг цэцэрлэгийн хэмнэлээс багшийн заах хичээлд олон цагаар тэвчээртэй анхаарлаа хандуулан суух 1-р ангийн сурагч болсноор хүүхдүүд ядрах, нойрмоглох үүнээс шалтгаалан хичээлээс халширч болох тул эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тусгай цаг гарган бичих дадал, анхаарлаа төвлөрүүлэн суух дасгал хийлгэх зэргээр хүүхдээ ачаалал даахад дасгаж бэлтгээрэй.
Бусдад, ялангуяа шинэ орчинд өөрийгөө илэрхийлэх чадвар хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Танихгүй орчинд хэрхэн шинэ найзуудтай болох, завсарлагааны цагаар мухлагаас идэх зүйл худалдан авах, шаардлагатай үед бие засмаар байгаагаа илэрхийлэх зэрэг нь зургаан настнуудын хувьд мөн л шинэ зүйл учир жижиг асуудал гэлтгүй хүүхэддээ энэ талаар цаг гарган зааж өгөөрэй. Ингэснээр таны хүүхэд ямар ч орчинд өөрийгөө зөв, чөлөөтэй илэрхийлэхэд суралцаж, бусадтай нээлттэй харилцах суурь тавигдаж байдаг.
Хэдий цэцэрлэгийн ахлах ангийг төгссөн ч сургуулийн сурагч болмогц өөрийн цүнх хувцаснаас эхлэн өөрт хамааралтай бүх зүйлийг бие даан хариуцахаас эхлэн багшийн хэлсэн зааврыг биелүүлэх, өөрийн дураар тоглон наадахаас илүү тогтсон цагийн хуваарийн дагуу сууж суралцахад хүүхдээ сургах нь чухал. Өөрөө хоолоо идэж хувцсаа зохистой өмсөн, ариун цэврийн өрөөнд бие даан ороход хараахан бэлэн биш бол өдөр тутам зааж сурган өнөөдрөөс эхлэн биеийг нь даалгаарай.
Сургуулийн босгоор алхах нь хүүхдүүдийн хувьд томоохон сорилттой тулгардаг ч эцэг эхчүүд биднээс мөн л амьдралын шинэ хэмнэл, тэсвэр тэвчээр, хүүхдэдээ зарцуулах цаг хугацаа, ихээхэн хариуцлага шаарддаг.
Таны хүүхэд сурагч болсноор хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхээс гадна гэрийн даалгаврыг хамт сууж хийлгэх, ойлгохгүй хичээлийг нь тайлбарлаж, хүүхэдтэйгээ илүү их ярилцаж сургуулийн шинэ орчны талаар мэдрэмжийг нь хуваалцах, хэрэв таны хүүхэд стресстэй байвал сэтгэлийг нь ойлгох, ойлголтыг нь залруулах, бяцхан ахиц дэвшил дээр ч гэсэн магтан урамшуулах хэрэгтэй. Унтахаас өмнө маргаашийн хичээлд шаардлагатай зүйлсийг хамтдаа бэлтгэснээр тайван эмх цэгцтэй өглөөг эхлүүлэх дадлыг хэвшүүлж хүүхдийг анхнаас нь цагийн менежмент зохион байгуулалттай болох суурийг тавих тустай.
Тэднийг сурагч болсон эхний өдрөөс эхлэн хайртайгаа илэрхийлсэн, урмын үгтэй бяцхан зурвас, зураг зэргийг үзгийн сав, цүнхэнд нь хийж сэтгэлээрээ цаг үргэлж хамт байгаагаа мэдрүүлээрэй.
Сурагч болох гэдэг бяцхан үрсийн хувьд догдлолтой бөгөөд бяцхан айдсаар дүүрэн шинэ адал явдалд эцэг эх бид хамгийн сайн туслагч байж амжилттай суралцахад нь хамгийн үнэнч хамтран дэмжигч байх нь чухал билээ.
NCD - Ногоон ирээдүйг бүтээнэ