Амжилттай бизнесмений амьдралын хэв маяг
Амжилттай бизнесмен гэхээр таны санаанд хэн бууж байна вэ? Бид дэлхийн төдийгүй Монголынхоо бизнесийн шилдэг манлайлагчдын ажил, амьдралын түүхтэй танилцаж үлгэр дуурайлал авдаг. Манлайлагчид өдрийг хэрхэн өнгөрүүлдэг, ямар дадал, зуршил, зарчимтай нь тэдний амжилтын нууцыг өгүүлдэг гэдэг.
Ингээд амжилтад хүрсэн бизнесменүүдийн дунд түгээмэл байдаг зарим нэгэн амьдралын хэв маягуудаас танд танилцуулъя.
1. Өдрийг эрт эхлүүлдэг
Ричард Брансон, Тим Күүк зэрэг шилдэг энтрепренерүүд, бизнесийн удирдлагууд өглөө эрт буюу өглөөний 4, 5 цагийн үед босдог тухай та өмнө нь сонссон, уншсан байх. Харин яагаад?
Менежментийн онолын эцэг гэгддэг Питер Дракерын бичсэнээр бизнесийн сайн удирдлагууд цөөн тооны чухал ажлууддаа илүү анхаарал, цаг, хүч, хөдөлмөрөө төвлөрүүлдэг, тэр хэрээр бүтээмж нь өндөр байдаг аж. Бизнесийн амьдрал гэхдээ өдөр тутмын үйл ажиллагаа, асуудлууд, шийдвэр гаргалт, уулзалт, хурлаар дүүрэн. Зарим чухал ажлуудад төвлөрч амжихгүй байсаар ажлын өдөр өнгөрөх нь тун элбэг.
Харин өглөө эрт тэднийг хэн ч үймүүлдэггүй. Мөн өглөөгүүр толгой сэргэлэн, бизнесийн асуудлуудад зөв шийдлийг хурдан олж харж чаддаг нь унтаж байх үед тархи амарч, ялгарсан хортой бодисууд цэвэрлэгдэж, шинэ мэдээллүүд эмх цэгцэнд орж байдагтай холбоотой. Өглөө оройноос цэцэн гэж орос ардын үлгэрт бичдэг нь ортой зүйл ажээ. Өглөө кофе уунгаа и-мэйлээ шалгах, мэдээ, нийтлэлүүд унших, суралцах төдийгүй ууланд алхах, усанд сэлэх, фитнесс хийх зэргээр өдрийг эхлүүлдэг нь бизнесээ амжилттай удирдах эрч хүчийг өгдөг байна.
2. Тэд биеийн тамир, спортоор хичээллэдэг
Илүүдэл жинтэй, биедээ анхаарал хандуулдаггүй хүмүүс амжилтад хүрэх нь өдрийн од мэт ховор. Биеэ засч чадаагүй хүн бизнесээ засч чадахгүй гэж бас хэлж болох юм. Гүйх,хөл бөмбөг тоглох, дугуй унах, фитнессээр хичээллэснээр бие эрүүл, хөнгөн шингэн байх тул ажлын үр бүтээмж ч өндөр байдаг. Гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт хийснээр ховорхон олддог цагийг гэр бүлтэйгээ үр бүтээлтэй өнгөрөөхөд түлхэц болно.
Бизнес хийнэ, удирдана гэдэг өдөр бүр л тулгарах саад бэрхшээл, асуудлуудыг шийдэх, даван туулахыг шаарддаг амаргүй ажил. Зориг, тэсвэр тэвчээрээ хөгжүүлэх нь амжилтанд хүрэхэд нь бас түлхэж өгнө. Олон бизнесменүүд гольф тоглох дуртай байдаг бол харин илүү спортлог захирлууд усанд сэлэлт, триатлон, теннис, скуаш, сагсан бөмбөг зэрэг хүч, хурд шаардсан спортуудаар хичээллэх нь элбэг.
Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар гуай өглөө бүр 30 минут гүйж эрч хүч авдаг, бас усанд сэлдэг тухайгаа "Би хэрхэн ажилладаг вэ?" сэдэвт ярилцлагадаа хүүрнэсэн байсан. Intel Mongolia-ийн захирлаар олон жил ажилласан, усанд сэлэлтийн улсын олон удаагийн аварга Н.Наранбат захирал жишээ нь триатлоны спортоор хичээллэдэг. Харин Монголд хийсэн менежментийн хувьчлалын амжилттай кэйст тооцогдож буй ITZONE компаний ерөнхий захирал Н.Баттулга чадварлаг гольфчин зэрэг олон жишээнүүд бий.
ХОЛБООТОЙ: Орчин үеийн орон сууцны хотхонд заавал байх 5 зүйл
3. Зохион байгуулалттай, тав тухтай байдалд дуртай
Амжилттай явж буй олон бизнесмен, энтрепренерүүд ажиллах орчин болоод гэр орны тав тух, зохион байгуулалтад анхаардаг ажээ. Шинэ санаа оноо, бүтээлч байдлыг дээшлүүлэхэд эдгээр зүйлс хэр чухал болохыг бас сайн мэднэ. Тэдний оффис, уулзалтын өрөөг харилцагчид болон бизнесийн түншүүдэд нь таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар шийдсэн байдаг. Оройн цагаар төдийгүй хагас, бүтэнд ажиллах, уулзалт хийх нь элбэг тул орон сууцандаа ч ажлын өрөө тохижуулчихдаг.
4. Бизнесийг "бизнесийн бус" орчинд хэлэлцэж чаддаг
Амжилттай бизнесменүүд хэлцэл сайн хийж чаддаг. Тэд хаана ямар ажил хэргийг ярих, хэлэлцэхээ сайн мэддэг. Гольф тоглох, ууланд алхах, кофе уух, спорт талбайд очих болон салхилж явахдаа ч ажил хэргээ ярьж, хэлэлцэж тохиролцож байдаг. Бизнесийн олон том шийдвэр гольфын талбайд гардаг гэлцдэг.
Нөгөө талаас тэд олон цагаар сунжирсан хурлуудад дургүй байдаг аж. Ийм хурлууд корпорацийн улс төрийн тоглолт хийгчдэд л боломж олгодог тул чадварлаг удирдлагууд бэлтгэлтэй байж хурлаар юу яригдах, хэн суух, ямар шийдвэр гаргахыг зөв төлөвлөдөг, хурлаа удирддаг, цагт нь дуусгадаг төдийгүй шийдвэрээ ч гаргадаг.
"Үр дүнгүй хурлууд бол зүгээр л цагийн гарз." - Марк Кубан
5. Тэд бүтээлч сэтгэлгээг эрхэмлэдэг
Байнга өөрчлөгдөж байдаг бизнесийн орчинд тэд зүгээр л их ажиллаад завгүй байх бус харин бүтээлчээр сэтгэх, инноваци хийхийн чухлыг мэддэг. The 4-Hour Workweek номын зохиолч Тим Ферриссийн (The Tim Ferris Show нь iTunes дээр 2016 хамгийн олон сонсогчтой бизнесийн подкастаар шалгарсан) хэлж буйгаар завгүй байх нь гол төлөв мэдрэлийн залхуурлаас үүдэлтэй. Тиймээс илүү бүтээлчээр сэтгэж, өөрийн цагийг чухал зүйлсдээ зарцуулж байхыг бусдад зөвлөдөг байна.
Олон хүн бүтээлчээр сэтгэх гэдгийг хэний ч толгойд ороогүй гайхамшигт санааг бодож олох явдал гэж боддог. Гэтэл энэ нь энгийн зүйлсийн хоорондын холбоосыг зөв олж харахад л оршдог ажээ.
"Бүтээлч байна гэдэг бол холбох тухай юм. Бүтээлч хүмүүсээс яаж энийг хийчихэв гэж асуухад тэдний дотор гэмшил төрж байдаг. Учир нь тэд анхандаа хийсэн биш зүгээр хэлчихсэн байдаг. Хэсэг хугацааны дараа харин бүх зүйл ойлгомжтой санагдаж эхэлдэг." - Стив Жобс
6. Төлөвлөгөө, зохион байгуулалттай ажилладаг
Аливаа ажил бизнесийг хийхэд төлөвлөгөө, бэлтгэл хамгийн чухал. Хүссэн хүсээгүй бизнесменүүдэд хийх ажил их тул өдөр тутмын төлөвлөгөө нь тэр бүрийг амжилттай хийх, нугалахад тусалдаг. American Express компаний гүйцэтгэх захирал Kenneth Chenault орой бүр дараагийн өдөр хийх ёстой хамгийн чухал 3 ажлыг төлөвлөдөг бол Bill Gates ч мөн адил 7 хоногийн турш технологийн талаар олон мэдээ мэдээлэл уншиж, түүнээс шинэ санаа оноо олж авахыг төлөвлөгөөндөө заавал тусгадаг аж. Энэ мэтчилэн хувь хүний зохион байгуулалт, төлөвлөгөө нь бизнесийн эрхмүүдийг дэвжихэд хамгийн чухал түлхэц болдог.
Тэд хийх ажлуудаа хэрхэн тэмдэглэхдээ харин янз бүр. Энгийн тэмдэглэлийн дэвтрээ тун үр дүнтэй ашигладаг нэгэн байхад технологид дуртай зарим нь Google Calendar, Evernote зэрэг програмуудыг гар утас, таблет, компьютер дээрээ хослуулан ашиглах нь бий.
"Надад мод тайр гэж 6 цаг өгвөл би 4 цагийг нь сүхээ ирлэхэд зарцуулна." -Авраам Линкольн
"River Garden" хотхоны 2-р ээлж
“River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон.
Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
ИНФОГРАФИК: Шинэ байранд орохоос өмнө анхаарах зүйлс
Захирлууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?