Та бидний амьдарч буй хотхон, хорооллын орон сууцны өдөр тутмын арчилгаа, өнгө төрх, цаашдын үнэ цэнийг хадгалах үүргийг Сууц Өмчлөгчдийн Холбоо буюу бидний хэлж заншсанаар СӨХ хэмээх байгууллага хариуцан гүйцэтгэж, цаашилбал бидний эрүүл, цэвэр орчинд амьдрах боломжийг хангахад хувь нэмрээ оруулдаг билээ. Тэгвэл Сууц Өмчлөгчдийн Холбоо гэж юу вэ?
“Сууц өмчлөгчдийн холбоо” гэдэг нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны барилгын ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх , тэдний ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ.
Харин хотхон, хорооллын орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн хана, багана, хонгил , дээвэр, цахилгаан болон явган шат , сууцны бус зориулалттай техникийн зэрэг өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, орцны цонх, хаалга, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмжүүд болон нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгийг багтааж авч үздэг.
ХОЛБООТОЙ: амьдарч буй хотхоны сөх тань сайн ажиллаж байна уу?
Оршин суугчдын тав тух, амьдрах таатай орчныг бүрдүүлэгч эдгээр хөрөнгийн ур хугацааны үнэ цэнийг авч хадгалахын тулд мэдээж СӨХ-ийн үр дүнтэй, чанартай арчилгаа, үйл ажиллагаа болоод менежмент хэрэгтэй. Үүний тулд СӨХ дундын эзэмшлийн эд хөрөнгийг хэрхэн арчилдаг вэ? хэмээх дараагийн асуулт тавигдах юм.
Орон сууцны дундын өмчлөлийн арчилгаа
Дундын өмчлөлийн эд хөрөнгөд гарсан аливаа эвдрэл гэмтэл, зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг оршин суугчдаас энэ зорилгоор хуримтлуулсан хөрөнгөөр санхүүжүүлдэг тул оршин суугчид дундын өмчлөлийн эл хөрөнгөнд ариг гамтай байснаар зардлаа хэмнэх боломж үүсдэг болохыг анхаарах ёстой. Харин зохих хуримтлалыг үүсгэхгүй бол барилгын насжилттай холбоотойгоор зайлшгүй хийгдэх засварын ажлууд гарсан тохиолдолд засвар хийж чадахгүй нөхцөл байдал үүсдэг.
ХОЛБООТОЙ: СӨХ-Д ТӨЛДӨГ МӨНГӨ ЮУНД ЗАРЦУУЛАГДДАГ ВЭ?
Та бидний мэдэж буйгаар СӨХ нь орон сууцны байр, барилгын шат, коридор, орц, хорооллын бүхий л зам талбай, мод ургамал бүхий цэцэрлэгийн талбай, инженерийн шугам хоолой, тоног төхөөрөмжийг өдөр тутам цэвэрлэж, ногоон байгууламж мод ургамлын усалгаа, арчилгаа, тэгшилгээг тогтмол хийдэг. Түүнчлэн гадна лифт, камер, орцны хаалга, гаражийн хаалга, гэрэлтүүлэг зэргийг мэргэжлийн байгууллагаар тогтмол шалгуулах ажлыг хариуцан явуулдаг.
Товчхон хэлэхэд Сууц Өмчлөгчдийн Холбоо гэдэг байгууллага нь оршин суугчдын аятай тухтай цэвэр, өнгө үзэмжтэй нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладагаас гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоодог гэж үзэж болно. Харин гадны улс орнуудад тухайн орон сууцны барилга, байгууламж, талбайг удирдах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбогдсон бүхий л үйл ажиллагааг Үл Хөрөнгийн Менежментийн компани буюу хөрөнгийг удирдах мэргэжлийн үйлчилгээг үзүүлэгч байгууллага хариуцан ажилладаг байна.