Дэлхийн түүхэн дэх хүний гараар бүтээн байгуулсан алдартай барилга, байгууламжууд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, нууцлаг түүх соёлыг өөртөө шингээсэн байдаг. Тэдгээр барилгуудын зарим нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж, жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчид сонирхохоор очдог билээ. Эрт үеийн бүтээн байгуулалтуудын хувьд зарим нь тухайн газар, нутгийн хүмүүс хэрхэн амьдарч байсан түүхийн гэрч болох бөгөөд жишээлбэл Египетийн алдарт пирамидууд өнгөрсөн соёл иргэншлийн талаар маш их зүйлийг илэрхийлж байдаг. Энэхүү нийтлэлээр дэлхийд хамгийн алдартай бүтээн байгуулалтуудын тухай хүргэж байна.
Эйфелийн цамхаг нь зураг төсөл, угсралтын ажлыг хариуцаж байсан Францын инженер Густав Эйфелийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Тус цамхаг нь Дэлхийн архитектурын үзэсгэлэнд зориулж 1887-1889 оны хооронд баригдаж дууссан бөгөөд 324 метр буюу ойролцоогоор 81 давхар байшинтай тэнцэх өндөр байгууламж юм. Цамхгийг угсралтын явцад загвар хийцээрээ тухайн үеийн Францын тэргүүлэх сэхээтнүүд, алдартай уран бүтээлчдийн шүүмжлэлд ихээхэн өртөж байсан боловч өдгөө энэхүү цамхаг нь Дэлхийн соёлын томоохон дүр төрх болсон. Тийм ч учраас Эйфелийн цамхгийг зорих жуулчдын хөл тасардаггүй бөгөөд жилд ойролцоогоор 7 сая жуулчдыг хүлээж авдаг юм.
Колизей нь Италийн Ром хотод байрлах аварга том амфитеатр юм. МЭ 72 онд Эзэн хаан Веспасяны зарлигаар баригдаж эхэлсэн бөгөөд арав хүрэхгүй жилийн дотор баригдсан ч өдгөө хоёр мянган жилийг элээж байна. Энэхүү байгууламж нь 80,000 үзэгчийн багтаамжтай бөгөөд тухайн үед гладиаторын тулаан, амьтад агнах үзүүлбэрийн зориулалттаар ашигладаг байсан. Нуман хэлбэртэй 80 хаалга нь үзэгчдийг хормын хугацаанд суудлаа эзлэх боломж олгож, үзэгчдийн суудлын зохион байгуулалт, газар доорх амьтан, боол, гладиаторуудыг агуулах зориулалттай тасалгаанууд нь Колизейг архитектурын хувьд өндөр зэрэглэлийн үзвэр, үйлчилгээний гайхамшиг гэдгийг баталдаг.
Сиднейн дуурийн театр нь Австралийн Шинэ Өмнөд Уэльс-д байрлах дэлхийн тайзны урлагийн төв юм. Энэ нь орчин үед баригдсан хамгийн өвөрмөц барилга байгууламжийн нэг бөгөөд Дани улсын архитектор Жон Утзоны гайхамшигт бүтээл билээ. 1958 онд театрын барилгын угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1973 онд Олон улсын Архитектурын үзэсгэлэнгийн ялагчаар сонгогдсоны дараагаар театр албан ёсоор нээлтээ хийжээ. Дуурийн театрын барилгын нээлтийн ёслолд Английн II Елизабет хатан хаан ирж оролцсон байдаг. Энэхүү барилга нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийд боссон хамгийн сүрлэг сайхан барилга гэж олон мэргэжилтэн үздэг бөгөөд одоо бол тус улсын жуулчдын хамгийн их сонирхдог газруудын нэг бөгөөд жил бүр ойролцоогоор 8 сая хүн жуулчид хүлээн авдаг.
Хориотой хот бол Бээжин хотын төвд байрлах бөгөөд 1420-1912 оны хооронд Мин улсаас Чин гүрний төгсгөл хүртэл бараг 500 жилийн турш эзэн хааны ордон байжээ. Тухайн үед Хятадын улс төр, соёл иргэншлийн төв болж байсан бөгөөд нийт 72 га талбайг хамарсан аварга цогцолбор юм. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд ойролцоогоор 1 сая гаруй ажилчин ажилласан ба нийтдээ 90 гаруй ордон, 980 барилга байгууламж, 8728 гаруй өрөөтэй. Та бүтэн өдрийн турш тэнд байсан ч гэсэн та бүх ордны байшинг үзэх боломжгүй байдаг байна. 1987 онд ЮНЕСКО-гоос “Хориотой хот”ыг дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.
Гэгээн Базилийн сүм хийд нь ОХУ-ын Москва хотын Улаан талбайд байрладаг бөгөөд тус улсын хамгийн алдартай байгууламжуудын нэг юм. Энэ нь 1555-1561 оны хооронд аймшигтай Иван Астрахань, Казаньд олзлогдсоны дурсгалд зориулан баригдсан юм. 1600 он хүртэл Их Хонхны цамхаг баригдах хүртэл хотын хамгийн өндөр барилга байсан бөгөөд 16-17-р зууны хооронд Византийн Христийн шашинд Тэнгэрлэг хотын бэлгэдэл гэж үздэг байсан төдийгүй “Иерусалим” хэмээх нэр өгсөн байв. Энэхүү барилгыг Оросын архитектурын дунд өвөрмөц дизайн бүхий галын дөл хэлбэрээр барьсан гэж тодорхойлдог.
Мачу Пикчу бол Перугийн өмнөд хэсэгт орших эртний Инка хотын цайз бөгөөд 15-р зууны үед далайн түвшнээс дээш 2,430 метр өндөрт уулын нуруун дээр баригдсан юм. Археологичдын үзэж байгаагаар энэхүү цогцолборыг Инкийн эзэн хаан Пачакутид зориулж барьсан бөгөөд Инкийн соёл иргэншлийн хосгүй түүхийг агуулж байдаг. Уг хот нь 1450 оны үед баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхигдсон байна. 1983 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвд бүртгэн авч, Перугийн түүхэн дархан газар хэмээн нэрлэжээ.
Петра бол Иорданы өмнөд хэсэгт орших нутгийн оршин суугчдын дунд Ракму хэмээн нэрлэгдэг эртний түүхэн хот юм. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. Петрад хийсэн олон тооны археологийн шинжилгээний үр дүнд нэн эртнээс хүн амьдарч ирснийг нотолсон байдаг. Неолитийн үеийн хүний зурсан гөрөөс агнаж буй хадны сүг зураг олдсон нь үүний нотолгоо юм. Балар эртний үеэс Петра нь шашин мөргөлийн чухал төв, ариун газар байсан төдийгүй Набатейчууд нөгөө ертөнцөд одогсдоо хагас агуй хэлбэрийн ухмал бунханд оршуулдаг байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 2006 онд уран барилгачдын нэгэн баг Петрагийн загварыг сэргээн босгож, аялагчдын төв байгуулсан нь гайхалтай амжилтад хүрч, Йорданд ирэх жуулчдын тоог эрс нэмэгдүүлсэн гэдэг.
NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.