NCD группийн мэдээллийн хуудас

Дэлхийн хамгийн хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий 16 сургууль

Written by NCD Group | 7/3/20 8:00 AM

Сайн сургууль нь хүүхдэд эрдэм мэдлэгийг түгээхийн зэрэгцээ, чанартай сургалтын орчноор хангахыг зорилгоо болгох нь зүйтэй.

Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Архитектурын Фестивалийн үеэр хамгийн гоёмсог орчинг бүрдүүлсэн сургуулийг шалгаруулсан бөгөөд, шилдгийн шилдэгт шалгарахаар Америкаас Вьетнам, Францаас Энэтхэг хүртэл олон сургуулийн дизайнууд өрсөлджээ.

Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн гоёмсог сургуулиудын заримыг танилцуулъя:

Австрали улсын “Зүүн Сиднейн Цэцэрлэгийн өмнөх насныхны сургалтын төв

Анги танхимуудыг гадна талбайтай залгаа бөгөөд хүүхдүүд мөлхөж, тоглож болох хиймэл зүлгэн талбайтай юм. Хүүхдүүд барилга доторх хиймэл зүлгэн талбайд мөлхөж эсвэл элсэн дээр үсэрч тоглох боломжтой.

Архитектор: Andrew Burges Аrchitects

Австрали улсын Тоорак дүүрэгт орших Мандевиль Төв

Хурц өнцгүүдтэй гадаргуу нь гаднаасаа сүрдмээр харагдах авч дотроо тэс ондоо уур амьсгалыг бүрдүүлжээ. Ирсэн зочид өнгө алагласан буйдангууд дээр тухлан сууж байгалийн гоо үзэсгэлэнг таашаахын зэрэгцээ цайвар модон ханануудаас тайван уур амьсгалыг мэдрэх боломжтой.

Архитектор: Architectus

Лондон хотын “Channing” охидын сургууль

Зуслангийн байшингуудыг хооронд нь залгачихсан мэт этгээд содон дизайнтай. Өндөр таазтай, орчин үеийн загварыг шингээсэн үзүүлэнгийн танхим нь 270 градусын тусгалтай суудлууд, давхралдсан хос бельэтажтай юм.

Архитектор: BuckleyGrayYeoman

Австрали улсын Хауторн дүүрэгт орших Сэр Зелман Коуэны нэрэмжит шинжлэх ухааны төв

Байгалийн тогтоцыг санагдуулах таазруугаа уусан орох муруй шугаман хаалтууд гоо зүйн мэдрэмжийг бий болгожээ. Дотоод заслын ихэнх хэсгийг модоор урласан нь энд сурагчдад аятай тухтай, намуун тайван орчинг бүрдүүлэх зорилготой ажээ.

Архитектор: Cox Architecture

Турк улсын Истанбул хотноо орших Бахрие Ужокын нэрэмжит цэцэрлэг

Эргэн тойрон мод зүлгээр хучигдсан энэ байгууламжын олон хэлбэр дүрсээс бүрдсэн гадаргуу нь хүүхдийн тоглоомын талбайг санагдуулам. Өнгө алаглуулсан шилтэй цонхнууд, явган хүний зам нь тус барилгыг бүүр ч хөгжилтэй сайхан харагдуулдаг.

Архитектор: Dilekci Architects

Их Британи улсын Уэллсийн Катедрал сургуулийн хөгжмийн байгууламжууд

Үдшийн бүрийд нар жаргахтай зэрэгцэх тэнгэрийн туяарах өнгөтэй уусах намуухан зөөлөн гэрлийг энэ байшингийн нүүрэн хэсгээс харж болно. Өргөн саруул цонхтой концертын их танхимд сурагчдын тоглолтыг үзэгчдийн суудлын хамгийн арын эгнээнээс ч цэвэр сонсох боломжтой.

Архитектор: Eric Parry Architects

Эстони улсын Таллин хот дахь Рокка Аль Маре сургууль

Цутгамал хийцтэй түр зуурын анги танхимуудыг өргөтгөл болгон ашигладаг байна. Геометрийн дүрсүүдээс бүрдэх корридороор сурагчид куб хэлбэртэй ангидаа хүрдэг бөгөөд, ангийн нэг хана нь шалнаас тааз хүрэх цонх юм.

Архитектор: Kodasema

 

Энэтхэгийн Аурангабад хотод байрлах Вокхардт Олон Улсын Сургууль

Дотоод засал чимэглэлээ гаднах ногоон байгальтайгаа нийцүүлэн сонгожээ. Таазанд байх дугариг онгорхойнууд нь тус сургуулийг агааржуулж, сэрүүцүүлдэг байна.

Архитектор: Mandviwala Qutub & Associates

Нидерланд улсын Маастрихт хотын IKC de Geluksvogel бага сургууль

Орчин үеийн аж үйлдвэрийн хийцийг гадна дизайндаа шингээжээ. Харин энэ сургуулийн дотор тал нь модон материал, байгалийн өнгүүдийг ашиглаж, хурц өнгцүүдээс зайлсхийсэн нь илүү зөөлөн хэв маягийг бүрдүүлсэн байна.

Архитектор: UArchitects and Misak Terzibasiyan

Норманди дахь Францийн Хоолны Урлагийн сургууль

Нам дор, газартай ойрхон бөгөөд, дөрвөлжин хайрцаг хэлбэрийн байгууламжууд нь байгалийн тогтоцыг санагдуулам. Нэгэн хэвийн хөрслөг загварыг орчин үеийн дизайнтай тэнцүүлэн нийлүүлэх зүйл нь өндөр шилэн цонхнууд юм.

Архитектор: Atelier Arcau

АНУ-н Финикс хотын Био-Анагаахын шинжлэх ухааны хамтарсан төв

Цөлд байдаг улаан хаднуудыг дуурайлган барилгууд нь нэгэн хэвийн биш хоорондоо адилгүй налуу өнцгүүдээс бүрдсэн тогтоцтой. Барилгууд хоорондын мушгиралдсан замууд нь Аризонагийн хадархаг байгалийн нарийн жимүүдийг дуурайлгасан ажээ.

Архитектор: CO Architects

Дюкийн Их Сургуулийн Баруун Кемпус

Дундад зууны архитектур, нэвт харагдах шилэн нүүр нь Харри Поттер киноны шидтэний сургууль Хогвартсын орчин үеийн хувилбар уу гэлтэй. Харин дотор тал нь бүхэлдээ орчин үеийн загвартай бөгөөд, том задгай талбай, өндөр тааз нь саруул уужим орчинг бий болгодог.

Архитектор: Grimshaw

Герман улсын Хэрэглээний Шинжлэх Ухааны Дюссельдорф Их Сургуулийн Дерендорф кемпус

Үзэмжээс илүүтэй шинжлэх ухаанд суурилсан зай ашиглалт, гял цал зүйлгүй энгийн хандлгагыг баримталжээ. Бүхэлдээ бетон цутгамалаас бүтсэн энэхүү барилгын ганцхан өнгөлөг хэсэг нь гол танхимд байх улаан, хар өнгийн шат ажээ.

Архитектор: Nickl & Partner Architekten

Их Британийн Кэнтербери хотын Кент Сибсоны Их Сургууль

Барилгын нүүрэн хэсгийг доороосоо гэрэлтэхээр хийжээ. Өдрийн цагт сурагчдын дээрээс байгалийн гэрэл тусах бөгөөд, цагаан хананууд нь бүүр ч их гэрэл гэгээ нэмдэг байна.

Архитектор: Penoyre & Prasad

Чикагогийн Их Сургуулийн Хойд дотуур байр

Муруй шугамууд нь барилгуудыг салангид мэт харагдуулах ажээ. Харин дотор засал нь орчин үеийн дизайныг энгийн өнгүүдийн хослолуудаар бүрдүүлснээрээ цэвэр цэмцгэр мэдрэмжийг төрүүлдэг ажээ.

Архитектор: Studio Gang

Вьетнам улсын Куи-Нён хотын Шинжлэх ухаан ба боловсролын Олон Улсын Төв

Задгай талбайтай зуслангийн байрыг санагдуулах бөгөөд гаднах байгальтайгаа уусч зохицжээ. Саруул зайг бий болгох өндөр тааз, үүдний саруулхан асар, хаашаа л харна хаа сайгүй ширэнгэн ой нь, сурч боловсрох тайван таатай орчин бүрдүүлжээ.

Архитектор: studioMilou

 

NCD - Ногоон ирээдүйг бүтээнэ