МИНИМАЛ амьдралын хэв маяг ба ТОГТВОРТОЙ хөгжил
МИНИМАЛ амьдралын хэв маяг болон ТОГТВОРТОЙ хөгжил хоорондын холбоо
Дэлхийн дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр Монгол улсад сүүлийн 20 жилд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж эхэлсэн.
Ган, зуд, мөндөр, уруйн үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж түүний улмаас нийгэм эдийн засагт бодит хохирол учирсаар байгаа.
Мөн Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940 оноос 2018 оны хооронд 2.25 хэмээр буюу дэлхийн дунджаас 3 дахин илүү дулаарч, 1961 оноос хойш халуун өдрийн тоо 16 - 25 хоногоор нэмэгдэж зуны улирлын аадар борооны тоо нэмэгдэж зүс борооны тоо буурч байгаа зэрэг нь нийт нутгийн хэмжээнд цөлжилт 78,2 хувь явагдах нэгэн шалтгаан болж байгаа юм.
Уур амьсгалын энэхүү өөрчлөлтийг хязгаарлах, дэлхийн дулаарлыг +1 орчим градуст барьж байхын тулд олон улсад томоохон ажлууд зохион байгуулагдаж байдаг.
Хэдийгээр олон ажлууд зохион байгуулагддаг ч энэхүү уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх дасан зохицох гэдэг нь хувь хүн бүрийн ухамсар хариуцлага, ойлголт, хандлага дээр тулгуурласан ажил байдаг.
Иймээс хувь хүн бүр энэ асуудалд санаа тавьж, аль болох байгаль орчинд ээлтэй, байгалийн нөөцүүдийг хайр гамтай, зохистойгоор хэрэглэж занших нь юу юунаас илүү чухал байгаа юм.
Сүүлийн хэдэн жилд МИНИМАЛ амьдралын хэв маяг, байгаль орчинд ээлтэй амьдрал, эко амьдрал, тогтвортой хөгжлийг дэмжсэн амьдралын хэв маяг зэрэг олон нэр, ойлголтууд трэнд болж байгаа ч эдгээрийн суурь ойлголтууд нь нэгэн зорилгын төлөө буюу аль болох байгаль орчинд хор хөнөөл багатай амьдрах дадал хэвшлийг өөртөө бий болгож дараа үедээ дэлхий ертөнцөө нөөц баялагтайгаар нь өвлүүлэн үлдээх асуудал юм.
МИНИМАЛ амьдралын хэв маяг гэдэг нь хувь хүний өөрийнхөө амьдралд үнэ цэнэ нэмж байгаа зүйлүүдээ л зөвхөн хэрэглэж хэвших, онцын шаардлагагүй, төдийлөн өндөр ач холбогдолтой биш зүйлүүдээс аль болох татгалзах ухаан юм. Өөрөөр хэлбэл: хэрэглээгээ хязгаарлах их зүйл хэрэглэхгүй байх гэсэн зарчим юм.
МИНИМАЛ хэв маягийг хүн бүр нас, боловсрол гээд ялгаатай өнцгөөс хардаг, ойлгодог. Мэдээж, 20 настай залуусын минимал хэв маяг 45 настай эзэгтэйн минимал хэв маяг хоорондоо ялгаатай байх нь ойлгомжтой .
Хэрэв та минимал амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж чадвал маш цөөн зүйлд санаа зовно гэсэн үг юм.
Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг болон минимал амьдралын хэв маяг зэрэг нь хэд хэдэн зүйлүүдээр хоорондоо холбогддог.
Жишээ нь: минимал хэв маягтай хүмүүс аль болох тансаг хэрэглээгээ хязгаарлахыг зорьдог гэдэг нь нөгөө талаараа байгальд ээлтэй, дахин боловсруулсан түүхий эд ашигласан хувцас хэрэглэл сонгох эрмэлзэлтэй байдаг гэсэн үг юм. Ингэснээр байгалийн хязгаарлагдмал нөөцийн хэрэглээг аль болох багасгаж улмаар байгаль орчинд ээлтэй амьдарч байгаа хэрэг юм.
Ийм учраас байгальд ээлтэй амьдралын хэв маяг болон минимал амьдралын хэв маягууд нь 2 уулаа ХЭРЭГЛЭЭГ багасгах гэсэн нэг зорилгыг өөр өөр шалтгаанаар хэрэгжүүлдэг тул эдгээр нь хоорондоо холбогддог.
Эдгээр 2 амьдралын хэвшлүүд 2 уулаа дэлхий ертөнцөд эерэг өөрчлөлтийг авчрах маш ЗӨВ арга замууд юм.
Байгаль дэлхийгээ аврах, нөөцүүдийг зохистой ашиглах гэдэг нь маш том далайцтай, цаг хугацаа шаардсан, хөрөнгө мөнгө их зарцуулах ажил гэж ихэнх нь ойлгодог боловч үнэндээ энэ нь хүн бүр өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэн урт хугацаанд мөрдөж болох энгийн зүйл юм.
Мөн байгальд ээлтэй амьдарна гэхээр махнаас татгалзаж цагаан хоолтон болох гэх мэт тэр бүр хүн болгон хүлээн зөвшөөрөхөд боломжгүй зүйлүүдийг өөртөө хэвшүүлэх гэж зовох биш харин өдөр тутмын хоол ундаа зохистой хэмжээнд барьж сурах, зорчих бүх хэсэгтээ машинаар шатахуун зарцуулж агаарт хүлэмжийн хий ялгаруулж явахын оронд арай цөөн тоогоор машин унах боломжтой бол явганаар, нийтийн тээвэр эсвэл дугуйгаар зорчих гэх мэт бага зүйлээс эхэлнэ.
Маш бага зүйлийг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлсэн байхад л урт хугацаанд байгаль дэлхийдээ маш том өөрчлөлт авчирна гэдгийг ухамсарласан байхад болох юм.
Хэдийчинээ олон хүн өөртөө зөв амьдралын хэвшил дадлыг бий болгоно төдийчинээ олон эерэг өөрчлөлтүүдийг байгаль дэлхийдээ авчрах болно.
Хог хаягдал багатай амьдрах 7 дүрэм
Хүүхдийн наснаас хамааран ачаалал даах чадвар