<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 21, 2021

Минимал амьдралын хэв маяг дэлхийг аврах уу?

Минимализм ойлголтын талаар

Минимал амьдралын хэв маяг, минимал хэрэгцээ, дижитал минимализм гэх мэт ойлголтууд сүүлийн жилүүдэд их яригдах боллоо. Цаашид ч их яригдах, хүмүүс ийм амьдралын хэвшил рүү тэмүүлэх нь улам их болохоор байна.

mushroom-5359911_1280

Минимал хэв маяг гэдэг бол аль ч утгаараа тогтвортой хөгжилтэй байнга холбогддог.

Дэлхийн эдийн засаг цар тахлын үед урьд өмнө тохиолдож байгаагүй тоон үзүүлэлтээр хямарсан. Байгалийн нөхөн сэргээгдэх нөөц хомстож байна, цаашид эдийн засагт өсөлт ирэх нь хүн төрөлхтний хэрэглээгээ хянах, нөөцийг зохистой ашиглахаас хамаарах болоод байгаа юм. Ногоон эдийн засаг, нөөцийн зохистой хэрэглээ, тогтвортой хөгжил зэрэг нь энэхүү хямралаас гарах бодит шийдэл гэдгийг судлаачид, ажиглагчид нэгэнтээ тодорхойлоод байгаа юм.

Хүмүүс яаж хэрэглээгээ хянах вэ? Нөөцийг яаж зохистой ашиглах вэ ? Энэ нь тийм амархан зүйл биш бөгөөд тодорхой хугацаа, ёс зүйн хэм хэмжээ шаардсан асуудал юм.

Минимал хэв маяг гэдэгт хүмүүс дийлэнхдээ гэр орон сууцны дотор тохижилт, тавилга зэрэгтэй холбож ойлгох нь түгээмэл. Энэ бол минимал хэв маяг гоо зүй талаасаа харагдах байдал.

Анх Японы эмхлэгч, цэгцлэгч эмэгтэй Marie Kondo минимализм гэх ойлголтыг Netflix д оруулснаар энэ ойлголт хүмүүсийн сонирхолд өртөх болсон. Тэрээр өөрийн туршлага дээрээ үндэслэн минимализм гэдгийг тодорхойлохдоо "Хүн аливаа сонголтыг хийхдээ тооноос чанарыг эрхэмлэж, зөвхөн өөрт хамгийн их хэрэгцээтэй зүйлүүдээр өөрийгөө тойруулан хүрээлүүлэх ухаан" юм гэж үзсэн байна.

Үүнийг бодит амьдрал дээр минималист амьдралын хэв маяг гэж хүмүүс ойлгодог. Энэ нь бүх зүйл тодорхой өртөг зардалтай. Жишээ нь: ямар нэг бараа бүтээгдэхүүний өөрийн үнэ дээр гэртээ авчрах зардал бас байдаг. Мөн сэтгэл хөдлөлийн зардал гэж байдаг. Тухайлбал та ямар нэгэн төлөвлөөгүй зүйлээ худалдан авсан тохиолдолд миний энэ шийдвэр зөв үү буруу юу гэж санаа зовж байгаа үед таны худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дээр сэтгэл хөдлөлийн зардал гарч байдаг. Мөн тэдгээр бараа бүтээгдэхүүнийг хадгалах, эмхэлж цэгцлэх зардал нэмэгдэх тул нийт өртөг харьцангуй өндөр болдог. Өртгүүд нийлээд тухайн бараа бүтээгдэхүүний танд өгөх үнэ цэнэтэй харьцуулахад бага байна уу гэдгийг байнга тооцож бодох хэрэгтэй.

Тэгвэл минималист амьдралын хэв маяг бол дээрх өртөг зардлын ихэнхийг нь хэмнэхэд танд тус болдог дадал зуршил юм.

Та зөвхөн өөртөө хамгийн их хэрэгцээтэй зүйлээ худалдан авах болон эзэмших ухаанд суралцана гэсэн үг юм. Танд байгаа бүх зүйл өөрийн гэсэн байрлалтай, танд чухал ач холбогдолтой, та тэднийгээ зөвхөн тэр байрлалд нь урт удаан хугацаанд хадгалах боломжтой байхаар амьдрах тэр хэвшлийг л минималист хэв маяг гэж ойлгож болно.

Цөөхөн зүйлийг худалдаж ав, тэр хэмжээгээр мөнгөө хадгалах ухаан гэсэн үг юм. Худалдаж авах зүйлийнхээ бодит өртгийг тооцож сурах, тэр зүйлээ урт хугацаанд зөв хадгалж хамгаалах боломжтой эсэхээ сайтар тунгаан бодох хэвшил юм.

Хэрэв та энэ амьдралын хэвшилд суралцахыг хүсвэл Fumio Sasaki ийн бичсэн Goodbye Things номоос үзээрэй.

Минимализм гэдэг бол тогтвортой хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд хүний “ухамсаргүй хэрэглээ” буюу ямар нэг зүйлийг тунгаан бодолгүйгээр худалдан авах үйлдлийг зогсоодог дадал зуршлыг бий болгодог. Энэ нь хүрээлэн буй орчин болон таны мөнгөнд хэрэгтэй зүйл юм.

Тэгвэл минималист болохын тулд хаанаас эхлэх хэрэгтэй вэ? Marie Kondo зөвлөхдөө эхлээд 1 юмуу 2 өдрийг өөрийн эзэмшлийн бүх зүйлдээ тодорхой шалгуур тавьж өөртөө онцын шаардлагагүй гэж үзсэн зүйлүүдээсээ салах аргыг зөвлөдөг байна.

Мөн зарим хүмүүс өдөрт нэг хэрэгцээгүй зүйлээсээ татгалзах, салах аргыг ч бас санал болгодог байна. Ингэхдээ тэр зүйлийнхээ оронд шинэ зүйл худалдан авахгүйгээр бүрмөсөн татгалзана гэсэн үг м. Мөн түүнчлэн “30 өдрийн минималист чэллэнж” гэсэн арга ч байдаг байна. Эхний өдөртөө нэг зүйлээсээ татгалзах, 2 дахь өдөр нь 2 зүйлээс татгалзах гэх мэт үргэлжилсээр 30 дахь өдөр нь 30 зүйлээсээ татгалзах арга юм.

Аливаа дадал зуршлыг өөртөө бий болгоход хугацаа болон тэвчээр хатуужил чухал. Тогтсон амьдралын хэв маягаа өөрчилнө гэдэг нь тийм ч амар биш бөгөөд ямар нэг алхам хийхийн тулд өөрчлөх гэж байгаа зүйлийнхээ талаар мэдлэг мэдээлэлтэй болж түүнийгээ хэрэгжүүлж тууштай байснаар та өөртөө өөрчлөлтийг бодитоор бий болгож чадна.