NCD группийн мэдээллийн хуудас

Нас насны хүүхдэд тохирох ухаалаг тоглоомууд

Written by NCD Group | 5/26/21 7:00 AM

Та хүүхдийнхээ тоглож байх үеийн царайны хувирлыг ажиглаж байсан уу? Тэд дөрвөлжин блокийг дөрвөлжин нүхэнд багтаах эсвэл шидсэн бөмбөгийг шүүрч барих үедээ хэрхэн төвлөрч байгааг хараад та гайхах болно. Үүнээс харахад хүүхдийн тоглох цаг бол зөвхөн хөгжилдөх биш байдаг. 

Хүүхэд хэрхэн тоглох, хүүхдүүдийг хөгжөөж, ертөнцийг танин мэдэх, нийгмийн болон сэтгэл хөдлөлийн ур чадвар эзэмших, хөгжиж буй тархийг идэвхжүүлэхэд туслах тоглоомуудыг хүүхдийн насны ангиллаар нь ялгаж болно.

Нялх хүүхдүүд: Тэд хэрхэн тоглодог вэ?

Амьдралын эхний жилдээ тоглох нь бүхэлдээ хайгуулын ажил гэсэн үг. Хүүхдүүд таван мэдрэхүйгээ ашиглан хүрээлэн буй орчин дахь сонирхолтой шинэ ертөнцийг сурч мэддэг. Аливаа зүйл хатуу эсвэл зөөлөн мэдрэгдэж байна уу? Наалдамхай эсвэл арзгар гадаргуутай байна уу? Хэрэв би үүнийг унагавал энэ зүйлд юу тохиолдох вэ? Эсвэл долоож үзэх үү? Энэ насны хүүхдийн хөгжил нь аливаа зүйлийг "амталж" амаараа мэдрэх, сэгсрэх, цохих, унагаах зэргээс бүрддэг.

Хүүхдийн хөдөлгөөний шинэ ур чадвар хөгжих үйл явцад тоглоом нь илүү уялдаатай, цогц байдлаар нөлөөлдөг. Хөдөлгөөний ур чадвар гэдэг нь биеийн булчингийн хөдөлгөөнийг хамарсан үйлдлүүд юм. Жишээлбэл:

  • Ойролцоогоор 4 сартайд нь нялх хүүхдийн анхаарал нь шаржигнадаг тоглоомд татагдаж, хүрч, барьж эхэлдэг.
  • 6 эсвэл 7 сартай болох үед тэд шаржигнадаг тоглоомоо хоёр гар хоорондоо шилжүүлж чаддаг болдог.
  • Ойролцоогоор 9 сартай хүүхдэд аливаа зүйлийг чимхэж авах чадвар хөгждөг учир насандаа тохирсон жижиг тоглоом, блок гэх мэт зүйлийг барихад хялбар болдог.

Нялх хүүхдэд тоглох нь ихэвчлэн ганцаарчилсан үйл явц байдаг боловч бусад нас ижил хүүхдүүдтэй зэрэгцэн тоглосноор, тэднийг дууриах үйлдлүүдийг хийж илүү хурдан суралцдаг байна. 

Энэ үед та бол нялх хүүхдийнхээ хамгийн хайртай тоглогч  байх болно. Та хүүхдийнхээ урд хүүхэлдэйг нь бүжиглүүлж, дуулуулж, түүнтэй ярьж буй мэтээр тоглуулж байсан уу? Тэр үед хүүхэд тань түүнийг барьж аваад амруугаа татах хариу үйлдэл үзүүлж байна уу? 

Ийм төрлийн харилцаа нь нялх хүүхдэд хэл яриа, нийгмийн харилцаа, шалтгаан болон үр дагаврын талаар сурахад тусалдаг. Нялх хүүхдүүд хүрээлэн буй орчны зүйлүүд хоорондоо хэрхэн уялдаа холбоотой, хэрхэн амтлах, үнэрлэх, мэдрэх, сонсогдохыг ойлгож эхэлмэгц тэд хөгжлийнхөө дараагийн шатанд бэлэн болсон байдаг.

Нялх хүүхдэд зориулсан ухаалаг тоглоомууд

  • Өлгөдөг тоглоом. Хүүхдийн орны толгойд өлгөдөг тоглоом нь олон төрлийн өнгө, хэлбэр дүрстэй байдаг төдийгүй зарим дуугардаг төрлүүд ч бий. Хүүхэд дээш харан хэвтэж байхдаа толгойн дээгүүр бүжиглэж буй тоглоомыг харснаар тэдний нүдний хараа болон анхаарал төвлөрүүлэх чадвар нь хөгждөг.
  • Толин тусгал. Эхэндээ таны хүүхдэд өөрчлөгдөж буй царай, нүүрний хувирлыг толиноос харах нь ихэд таалагдах болно. Цаг хугацаа өнгөрөхөд таны хүүхэд урвайсан эсвэл инээмсэглэсэн хүүхэд өөрөө буюу өөрийнх нь тусгал гэдгийг ойлгодог. Энэ үед нялх хүүхдүүд өөрсдийгөө мэддэг болж, тэдний гар, хөл хаана байгааг сурч мэдсэнээр өөрийгөө илүү их танихад хүргэдэг.
  • Цагирган тоглоом. Энэхүү сонгодог тоглоом нь янз бүрийн хэмжээтэй өнгөт цагиргууд саваа модонд давхарлагдан конус хэлбэртэй болдог. Эхэндээ нялх хүүхдүүд цагиргийг барьж, амандаа хийх дуртай байдаг. Дараа нь тэд цагиргуудыг саваа модонд давхарлаж сурснаар хөдөлгөөний ур чадварыг эзэмшдэг. Хүүхдүүд олон өнгийн цагиргийг давхарлан тоолохдоо өнгө, тооны талаар сурдаг байна.
  • Түрж, чирдэг тоглоом. Эдгээр тоглоом нь хүүхдийн тэнцвэртэй байдал, том булчингийн хөгжилд тусалдаг бөгөөд таны бяцхан үрс буйдан түшиж зогсдог байсан бол алхагч болж хувирдаг. Хүүхэд илүү их түрж, чирэх тусам тэднийг гүйх болон авирахад шаардлагатай булчингуудыг ажиллуулдаг байна.

Хөлд орсон хүүхдүүд: Тэд хэрхэн тоглодог вэ?

Хүүхдүүд юмсын үүргийг мэдэж эхэлнэ. Тэд блок өрөх, тоглоомон утсаар ярих, хүүхдийн аяганаас уух дуртай болдог. Дүрд орж тоглох ойлголтод суралцаж эхэлдэг. Таны бяцхан хүүхэд шөнө хүүхэлдэйтэйгээ хамт унтаж, тоглоомон галт тэргийг түлхэж байхдаа "чүү чүү" гэж дуугарч магадгүй юм. Энэ нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн тоглох үндэс суурийг бүрдүүлдэг.

Таны хөлд орж буй хүүхэд өнгө, хэлбэр дүрсийг ялгаж эхэлнэ. Тиймээс бяцхан гартаа барихад нь гэрэл гэгээтэй, өнгөлөг, хөгжилтэй тоглоомуудыг сонгоорой. Хоёр настайдаа ихэнх нялх хүүхдүүд бөмбөг өшиглөж, өнгийн харандаагаар сараачиж, дөрөв ба түүнээс дээш блокоор өндөр цамхаг босгож чаддаг болно. Гурван насандаа тэд энгийн паззл эвлүүлж, гурван дугуйтыг унаж сурдаг.

Бяцхан хүүхдүүд шинэ ур чадварыг эзэмшиж, эргэн тойрныхоо ертөнцийг хянах чадвартай болоход суралцаж байгаа тул олон давтах нь чухал байдаг.

Хөлд орж буй хүүхдэд зориулсан ухаалаг тоглоомууд

  • Бөмбөг. Бөмбөг нь өнхрүүлэх, барих, шидэхээс үл хамааран хүүхдийн хөдөлгөөний ур чадвар, гар, нүдний зохицуулалт, авхаалж самбааг дэмждэг.
  • Хэлбэр ангилах тоглоомууд. Энэ төрлийн тоглоомууд нь хүүхдийн гар нүдний зохицуулалт, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг.
  • Механик тоглоом. Товчлуур дээр дарахад гарч ирдэг амьтан, эсвэл хөшүүрэгтэй тоглоом нь хөдөлгөөний нарийн ур чадвар, асуудлыг шийдвэрлэхэд түлхэц өгч, шалтгаан, үр дагаврыг хүүхдэд заадаг.
  • Дүрд тоглох тоглоом. Гал тогоо, эмчийн иж бүрдэл, гольфийн иж бүрдлээр тоглуулах нь хүүхдүүдэд таны болон бусад хүмүүсийн ажил үүргийг ойлгоход тусалдаг. Хүүхэлдэй болон  чихмэл тоглоомтой нь хамтдаа жүжиглэж тоглоорой. Энэ нь хүүхдэд сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх, дуртай зүйлдээ хэрхэн санаа тавих талаар сурахад сайнаар нөлөөлдөг.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүд: Тэд хэрхэн тоглодог вэ?

Энэ насны хүүхдүүд тоглоом болон бусад зүйлсийг зориулалтын дагуу ашиглаж сурна. Гэхдээ тэд өөр боломжуудаар дүүрэн ертөнцийг төсөөлөх болно. Кофены ширээн дээр хаясан хөнжил нь нууц клубын байшин болж хувирдаг. Таниас баримлын шавраар хийсэн пиззагаа "амталж" өгөхийг хүсэх болно.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд дэлхий ертөнц хязгааргүй ид шидийн газар болж хувирдаг бөгөөд тэд энэ бүхний эзэн бөгөөд бүтээгчид юм. Олон хүүхдүүд өөрсдийгөө ид шидийн хүч чадалтай гэж боддог бөгөөд "мангасууд"-тай тулалдаж ялж чаддаг. Үүгээр ч зогсохгүй гүнж, үлгэрийн баатар эсвэл бусад хачин амьтад ч  болж хувирах боломжтой юм шүү.

Ихэнхдээ сургуулийн өмнөх насны хүүхэд таныг уран зөгнөл рүү хөтөлж, хамт тоглохыг хүсэх болно. Яг энэ үеэр төсөөллийн найзууд гарч ирж магадгүй юм. Энэ төрлийн уран зөгнөлт тоглоом нь хүүхдүүдийн айдас, түгшүүр, итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тусалдаг тул тэдний хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛС

Дүрд орж тоглох нь илүү нарийн болж хувирдаг. Хүүхдүүдийн ертөнцийн талаарх мэдлэг илүү хөгжсөн тул сургуулийн өмнөх насны хүүхэд электрон хэрэгслүүд хэрхэн ажилладаг, эсвэл цахилгаан тоглоом хэрхэн ажиллуулахаа сайн мэддэг бол гайхах хэрэггүй юм.

Тоглоом нь өөрөө бие мах бодийн шинж чанартай болдог. Гүйх, үсрэх, харайх боломжтой байхад яагаад зүгээр л алхдаг юм бэ? гэж тэд гайхах болно.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан ухаалаг тоглоомууд

  • Гар урлал. Хөдөлгөөний нарийн ур чадвар сайжирснаар харандаа барих, гэр бүлийн гишүүдийнхээ зургийг зурах, аюулгүй хайчаар хайчлах зэрэг үйл ажиллагаа нь биеийн зохицуулалтыг бэхжүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөрийгөө үнэлэх чадварыг дээшлүүлдэг.
  • Блок ба барилгын багц. Цамхаг барих нь нь асуудлыг шийдвэрлэх чадвар, гар нүдний зохицуулалтыг дэмждэг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд төсөөллийнхөө дагуу барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, амьтан гэх мэт зүйлийг энгийн барилгын багцаас бүтээдэг.
  • Паззл. Эвлүүлдэг тоглоомууд нь уялдаа холбоо, авхаалж самбаагаа сайжруулж, орон зайн харилцаа болон логик сэтгэлгээний талаар заадаг.

Сургуулийн насны хүүхдүүд: Тэд хэрхэн тоглодог вэ?

Бага сургуулийн насны хүүхдүүд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр амжилтад хүрдэг. Тэд хүрээлэн буй ертөнцийн талаарх ойлголтыг эзэмшиж, хөл бөмбөг тоглох эсвэл найзынхаа үсийг сүлжих гэх мэт ур чадварыг эзэмшдэг.

Энэ үе бол хүүхдийн авьяас, сонирхлыг татах үе юм. Үлгэр сонсох дуртай 4 настай хүүхэд унших дуртай болж магадгүй юм. Хөгжим сонсох дуртай 5 настай хүүхэд төгөлдөр хуур тоглохыг хүсэж магадгүй юм.

Хөдөлгөөний нарийн ур чадварын нэгэн адил бие бялдрын чадвар нь улам боловсронгуй болж хөгждөг. Хүүхдүүд хоёр дугуйтай дугуй унаж, тэшүүрээр гулгаж сурдаг. Гар урлал улам бүр нарийн болж, хүүхэд олон цагаар нөхөрлөлийн бугуйвч нэхэж эсвэл комик зураг зурж болох юм.

Үе тэнгийн харилцаа илүү чухал болж, танай хүүхэд тантай хамт байхаас илүү ангийнхантайгаа тоглох сонирхолтой байх магадлалтай. Гэхдээ хүүхэд тань нас бие гүйцсэн ч гэсэн та хамгийн чухал тоглогч хэвээр байгаа гэдгийг санаарай. Тиймээс хүүхэдтэйгээ ганцаарчилсан цагийг төлөвлөхийг хичээгээрэй. Гэр бүлийн тоглоомын үдэш бол бүгдийг нэгтгэх нэг арга юм.

Хүүхдүүд бага байхдаа хийж чадахгүй байсан шинэ адал явдлуудыг туршиж үзэх ба үүнд аюулгүй байдлыг хангах зорилгоор таны хяналт шаардлагатай.

Сургуулийн насны хүүхдэд зориулсан ухаалаг тоглоомууд

  • Дээс. Хүүхдүүд найзуудтайгаа ээлжлэн дээс тоглохдоо, үе тэнгийнхэнтэйгээ харьцаж сурдаг. Үсрэхэд шаардлагатай бүх зүйл нь хүүхдийн хөдөлгөөний ур чадварын томоохон хөгжил болон асуудал шийдвэрлэх чадварыг дэмждэг.
  • Хөзрийн болон ширээний тоглоом. Хөзрийн тоглоом, даам, шатар зэрэг ширээний тоглоомууд нь стратеги, хэлэлцээр хийх дүрэм журам, шударга тоглоомын талаар хүүхдэд заадаг. Та хүүхдээ хамт тоглохыг уриалж, тоглоомд ялахаас гадна алдах, хожигдохоос үүсэх сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад нь туслаарай.
  • Хөгжмийн зэмсэг. Төгөлдөр хуур, хийл, гитар эсвэл өөр хөгжим тоглож сурах нь сонсгол, хөдөлгөөний нарийн ур чадварыг дэмжиж, анхаарлын чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.
  • Шинжлэх ухааны тоглоом. Нээлт, асуудлыг шийдвэрлэхэд туслах химийн иж бүрдэл, дуран, телескоп эсвэл бусад тоглоом нь математик, байгалийн ухааны чадварыг дээшлүүлж, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд тусалдаг.

Тоглоом бол хүүхдийг хөгжүүлэхэд туслах хэрэгсэл боловч эцэг эхчүүд бид үүнийг тэдэнд  хэрхэн сургах оролцоо чухал юм шүү.

VEGA CITY хотхоны танилцуулга 

NCD Group-ийн бүтээн байгуулж буй хотын төв дахь хамгийн том ногоон байгууламж бүхий өндөр зэрэглэлийн 𝑽𝑬𝑮𝑨 𝑪𝒊𝒕𝒚 цогцолбор хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авна уу.