Дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй бол энэ сэдэв танд хол сонсогдож байж болох ч хэдхэн сар өнгөрөөд хүүхэд тань хөлд орон ширээ, сандал дээр авирч хүрч болохгүй аюултай зүйлсрүү гараа чиглүүлж эхэлдэг. Тиймээс бяцхан үрсээ өсөж том болохоос нь өмнө эцэг эхчүүд бидний бэлдэх зүйл бол орон гэрээ хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох явдал юм. Хэрхэн яаж гэдгийг нийтлэлээс уншицгаая.
Хүүхэд тань нэгэнт хөдөлгөөн орж, мөлхөж эхэлсэн бол шалнаас эхлэн хүүхдийг унах, мөлхөхөд нь зөөлөн байхаар дэвсгэр сонгоорой. Үүний дараагаар хурц өнцөг бүхий тавилга бий бол зориулалтын зөөлөвчөөр зөөллөн, ханан талд байдаг тавилгыг хананд бэхэлсэн эсэхийг шалгаарай. Мөн хүүхдийн гар хүрч бэртэж гэмтэх боломжтой ил гал, газ, гал гаргах чүдэнз зэргийг хүүхдээс хол байлгах нь зүйтэй.
Хүүхэд бага насандаа ихэд сониуч байдаг тул цонх, тагтны хаалга, хаалт зэргийг сайтар битүүлэх хэрэгтэй бөгөөд хөшиг тогтоогч, хананд суурилуулсан номын тавиур зэрэг хүүхдийн дээрээс унах боломжтой эд зүйлсийг хананд сайтар бэхлээрэй.
Гал тогоо болон угаалгын өрөөний хэсэг нь хүүхдэд хамгийн аюултай хэсэг байдаг хэдий ч хэдхэн алхмыг мөрдлөг болгоход л айх аюулгүй хүүхдийн орчинг бүрдүүлж болно. Гал тогоо, угаалгын өрөөнд тань шүүгээ бий бол хаалга бүрийг зориулалтын түгжээгээр түгжиж, шүүгээн доторх химийн гаралтай бодис, амтлагч зэргийг хүүхдийн нүд, амьсгалах эрхтэнд хүрэхээс хамгаалах хэрэгтэй.
Гал тогооны ширээ, тавцан дээр байрлах хурц үзүүртэй зүйлс болон халуун тогоо, шарах шүүгээг хүүхдийн гар хүрэх зайнаас хол байрлуулах нь зүйтэй. Угаалгын өрөөний хувьд усны цорго, цахилгаан хэрэгслүүдийг тусад нь байлгах зэрэг арга хэмжээ аваарай.
Хөлд орохоор тэнтэр тунтар алхаж буй үрээ хөлд оруулагчид суулган, хүүхдийн өрөөг л аюулгүй, зөөлөн тоглоомоор дүүргэснээр хүүхдээ эрсдэлээс холдуулж байна гэсэн үг биш юм. Хүүхдийн өрөөнөөс бусад өрөө, тэдгээрийг холбосон хонгил болон үүдний өрөө, шат зэргийг эцэг эхчүүд төдийлөн анзаараад байдаггүй. Хэрвээ таны гэрт шат бий бол шатны хаалтыг хэрэглэж хэвшээрэй. Харин хананы хувьд үүдний өрөө, коридор зэрэг хүний төдийлөн анзаараад байдаггүй хананд өлгөсөн эд зүйлсийг бат бөх эсэхийг шалгахаа бүү мартаарай.
Энэ мэт үйлдлийг хийх нь хэдийгээр төвөгтэй мэт санагдаж болох ч алхам алхмаар гүйцэлдүүлснээр гэр доторх хүүхдийнхээ аюулгүй байдлыг 100 хувь хангах боломжтой тул хүүхдэдээ эцэг эхийнхээ хараа хяналтгүйгээр гэр дотроо чөлөөтэй хөгжилдөж, зугаалах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөрэй.
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.