ХАР АЛТ ны эргэн тойронд
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар Ногоон шилжилт хийнэ гэж байсан цаг үе саяхан билээ. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөд хатуу бодлого баримталдаг улс орнууд ч эргээд нүүрсний өндөр хэрэглээ бүхий цахилгаан станцуудаа ажиллуулж эхлээд байна.
Хар алт гэгддэг нүүрс эргээд дэлхий нийтийн аминд орж эхлэв үү? Цар тахал дайн гэх геополитикийн хурцадмал байдлуудаас өмнө дэлхий нийтээр нүүрсний хэрэглээг халах талаар ширүүн яригдаж байсан бөгөөд тэр дундаа Европын орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хатуу бодлого барьж байсан.
Гэтэл Украйны дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, худалдааны хоригуудын нөлөөгөөр Европ энэ өвлийн эрчим хүчний хямрал , эдийн засгийн хүнд сорилтод бэлтгэж дайны өмнөх жилүүдэд хаагаад байсан цахилгаан станцуудаа буцаан нээгээд байна.
Сэргээгдэх эрчим хүчийг уриалдаг Европийн орнууд ийнхүү нүүрсний цахилгаан станцуудаа дахин нээхээс гадна шинээр нүүрсний эх үүсвэрүүдийн эрэлд гараад байна.
Газар нутгийн хувьд Казакстантай ойр орших Монголоос нүүрс авах боломжийг ч Европиуд авч үзэж байна.
Хятадын өмнөд далайн боомтуудаар Монголын нүүрсийг импортлох талаар Германчууд бодит санал тавиад байгаа юм байна.
Хамгийн өндөр нүүрсний хэрэглээтэй Хятад улс гэхэд нэмж 300 сая тонн нүүрс нэмж олборлохоор төлөвлөж байгаа юм.
2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаралгүй орон болохоо мэдэгдээд байсан Хятад улс ногоон шилжилт гэдгээс эрчим хүчний доголдолгүй байхыг илүүд үзэж нүүрсхүчлийн хийн ялгаралыг халахын оронд хэрэглээг бууруулах гэдэг нь илүү бодит зорилт болохыг онцлоод байгаа юм.
Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсэн саруудад нүүрс үйлдвэрлэгчид хамгийн ашигтай ажилласаныг дараах тоон үзүүлэлт баталж байна.
Хэн ч тоохгүй орхигдоод байсан нүүрсний төслүүдийн үнэ тэнгэрт хаджээ. Зарим үйлдвэрлэгч компаниудын хувьцаа 1000 хувь өссөн тоо байна.
Нүүрсний томооохон тоглогч нар болох BHP, Glencore, Peabody ( 5 жилийн өмнө дампуурахад хүрээд байсан) гэхэд эхний хагас жилд үлэмж ашиг хийв.
Нүүрсний нэгжийн орлого 900 хувиар өсөж 8.9 тэрбум ам.доллар болсон нь Starbucks & Nike гэсэн компаниудын бүтэн жилийн орлогоос давсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн нүүрсний өндөр хэрэглээтэй орнуудыг хатуу шүүмжилдэг АНУ ч мөн хаагаад байсан цахилгаан станцуудаа буцаан нээж байна.
Эндээс үзэхэд нүүрсийг халах дэлхийн нийтийн зорилт лав л 5 жилээр ухрах нь ойлгомжтой байна.
Монгол улс нүүрсний олборлолтоор дэлхийд 17 д жагсдаг. 2021 онд дэлхийн нүүрсний гол хэрэглэгч Хятад улс 55 сая тонн коксжих нүүрс импортлосоны 26% буюу 14сая тонн нь Монгол улсаас нийлүүлэгджээ. Энэ тоо 2020 онтой харьцуулахад бууралттай байгаа нь цар тахлын нөлөөгөөр хил гаалийн асуудалтай холбоотой байсан юм.
Одоогоор Монгол улс 307 нүүрсний лицензтэй 44 нүүрсний уурхайтай үүн дотроо 29 чулуун нүүрсний уурхайтаар энэ салбарт оролцож байгаа бөгөөд цаашид түүхий эдийн экспортоос хамааралтай улсын хувьд нүүрсний олборлолтыг улам нэмэгдүүлж шинэ төслүүд бий болж эдийн засгаа хөшүүрэгдэхийн тулд шинээр хайгуул хийх шаардлагатайг салбарынхан онцолж байна.
Өмнөд хөрш маань нүүрсний гол хэрэглэгч гэдэг утгаараа эрчим хүчний нүүрс Монголын хувьд боломж байсаар ирсэн бөгөөд шинээр Европын орнууд руу экспортлох боломж ирж магад.
Нүүрсний салбарын хувьд өнгөрсөн саруудад байдал сайнаар эргэж эдийн засагт хөшүүрэг болсон хэдий ч энэ нь мөнхийн боломж биш түр зуурын, эсвэл хэдий хугацаанд боломж байх вэ гэдэг нь эргэлзээтэй байна.
Учир нь дэлхийн 4 том эдийн засаг сульдсан байдалтай байна. Орос улс үндсэндээ дэлхийн худалдаанаас таслагдсан байдалтай байна. Европ болон АНУ түүхэндээ тохиож байгаагүй өндөр инфляцитай нүүр тулж байна. Хятад улс сүүлийн 30 жилд байгаагүй эдийн засгийн уналттай үзүүлэлттэй байна. Ийм нөхцөлд нүүрсний зах зээлийн сэргэлт хир удаан үргэлжлэхийг таахад бэрх байна.
Сүүлийн жилүүдэд Оросын нүүрсний экспорт огцом өсөлттэй байсан бөгөөд жилд дунджаар 20-30 сая.тонн нүүрс экспортлодог байсан нь сүүлийн жилүүдэд 150 сая тонн хүрч улмаар 200 сая тонн д хүргэх зорилтоо ч тавиад байсан. Гэтэл дайны хоригоос Европийн орнууд Оросын нүүрснээс татгалзаж улмаар Япон Солонгос ч мөн татгалзах хандлагатай байна. Иймд Орос Европийн хоригтой нүүрсээ Азийн зах зээл рүү шилжүүлж Энэтхэг болон Хятад улс руу экспортлох хандлагатай байна.
Эх сурвалж: Mining Insight, https://tradingeconomics.com/commodity/coal
Метаверсд газар, үл хөдлөх худалдан авах
Дэлхийн 30 дахь чинээлэг хот Дубайн талаар таны мэдлэгт