Өчүүхэн жижиг, том ялгаа байхгүй зориулалтын бус газар хогоо хаях нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам тухайн хог, хаягдал нь хүрээлэн буй орчны өнгө үзэмж, улсын хөгжил цэцэглэлтэд муугаар нөлөөлнө. Хоолны сав баглаа, тамхины иш, ус ундааны сав, бохь, эвдэрч хуучирсан цахилгааны хэрэгсэл, тоглоом, хагарсан шил, цэцэрлэгжүүлэлтийн хог хаягдал зэрэг нь байгальд хамгийн ихээр бохирдол үүсгэдэг зүйлс юм.
Бие махбодыг гэмтээх
Ил задгай зүү, хурц үзүүртэй зүйлс, хагархай шилний хэлтэрхий зэргийг хаях нь хүн, амьтныг гэмтээхэд хүргэдэг. Мөн тамхины ишийг ой модонд хаяснаар түймэр дэгдээж ойр орчмын хүн, амьтан, өмч хөрөнгөд хохирол учруулах аюултай.
Янз бүрийн өвчний тархалтыг дэлгэрүүлэх
Задгай орчин дахь хог, хаягдал нь төрөл бүрийн хортон шавж, өвчин үүсгэгчийг тэтгэх ба өвс ургамлаар дамжин малд халдварлаж цаашлаад хүн төрөлхтөнд аюулт тахал, өвчин үүсгэх эрсдэлтэй. Хог хаягдалд агуулагдах химийн хорт нэгдлүүд болон микро организмууд нь усны давхаргыг бохирдуулснаар хорт нэгдлүүд нь усаар дамжин хүн, амьтны эрүүл мэндэд сөрөг, хортой нөлөө үзүүлнэ.
Байгаль орчныг бохирдуулах
Зам, гудамж дагуух хог хаягдал нь гол, нуур, далай, ойн бүсэд муу нөлөөтэй. Жишээлбэл, хүнцэл гэх хорт нэгдлийг агуулах тамхины иш нь хөрс, усыг бохирдуулдаг. Түүнчлэн хог хаягдлаас ялгарч буй хорт химийн нэгдлүүдийн үнэр, ууршилт нь агаарын чанарыг бууруулж байдаг.
Цэвэрлэгээний зардал
Бидний төлсөн татварын мөнгө улс орны хөгжил цэцэглэлт, боловсролын шинэчлэлд зарцуулагдах байтал иргэдийн ил задгай хаясан хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор жил бүр ихээхэн хэмжээний мөнгө төсөвт тусгагддаг. Түүнчлэн ил задгай хог хаягдал нь ус зайлуулах хоолойг бөглөж, үерийн эрсдэлийг нэмэгдүүлснээр түүнийг засаж, сайжруулахад улсын төсвөөс нэмэлт зардлууд гарсаар байдаг.
Дотоод аялал жуулчлал, орчны гоо зүйд нөлөөлөх
Хог, хаягдал бүхий орчин үзэмжгүй харагдахаас гадна хүрээлэн буй орчны гоо зүйн үнэ цэнийг бууруулдаг. Эрүүл ахуй болон харагдах байдлын улмаас жуулчдыг үргээж, харагдах орчныг бохирдуулж, хүмүүсийн амьдралын чанарыг муутгаж нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлнө.
Хөрс, усны бохирдол үүсгэх
Хог хаягдлууд нь шилэн, метал, органик зэрэг материалаас бүрдэх ба тэдгээр нь хөрсийг бохирдуулахуйц хортой нэгдлүүдийг агуулж болно. Нэг жишээ бол хаягдал зайнууд юм. Хэрэв зайг зориулалтаар нь устгахгүй бол хөрсөнд шингэсэн хортой нэгдлүүд нь борооны усанд угаагдаж гол усыг бохирдуулж эргээд хүний биед хорт хавдар үүсгэгч болдог.
Хог хаягдлыг ил задгай хаяснаар байгальд болон хүн төрөлхтөнд үзүүлж болох сөрөг нөлөөллүүдийг танилцууллаа. Тэгвэл өөрсдийгөө болон байгаль дэлхийгээ аврхын тулд хог хаягдлын эсрэг тэмцэж болох ямар шийдлүүд байна вэ.
Хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях үйлдлийг хуульчилж өндөр торгууль тогтоох, олон нийтэд тустай ажил хийлгэж гэмт үйлдлийг нь цайруулах зэрэг арга хэмжээ авч болох юм. Гэвч энэ бүх асуудлын эхлэлийн цэг нь хүн төрөлхтөн тул өөрсдөдөө болон нэгэндээ хяналт тавьж, хог хаягдал хаяхын сөрөг, хортой талуудыг таниулж, хүрээлэн буй орчноо хайрлахад хүн нэг бүрийн оролцоог сайжруулж, ухамсраа дээшлүүлэх нь хамгаас чухал юм.
Ногоон байгальдаа ээлтэй байж ирээдүй хойч үедээ сайхан нийгмийг бүтээхийн төлөө хогоо хаяхгүй байж, соёлыг түгээж байхыг бид уриалж байна.