NCD группийн мэдээллийн хуудас

Хүүхдийн наснаас хамааран ачаалал даах чадвар

Written by NCD Group | 4/13/21 7:54 AM

Хүүхдийн бие бялдар, тархины хөгжил нь нас наснаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тэрхүү онцлогт нь тохирсон сургалт, хөгжил, боловсролыг хүүхдэд олгох нь оюуны болон сэтгэл зүй, бие бялдар, гоо зүйн чадамжийн авах боломжийг өгдөг байна. Тодруулбал тархины хөгжлийг дэмжих, нөгөө талаас нийгмийн харилцаанд бие даасан байдлаар оролцох суурь аргачлал бол нас насанд тохирсон ачааллыг өгөх юм.   

0-6 насны хүүхэд 

Хүний зан чанарыг төлөвшүүлдэг нийгмийн болон ёс суртахууны бүхий л зуршлууд төрсөн цагаас эхлэн бүрэлдэн бий болдог. /Absorb mind-номноос/ Суралцах үйл явц нь хүрээлэн буй орчноо даган дуурайх, үлгэрлэх байдлаар явагддаг гэдгийг мартаж болохгүй. Тэдний сонирхол, төлөвшил, айдас, хүсэл эрмэлзэл нь хүрээлэн буй орчин тэр дундаа асран хамгаалагчийн үг, үйлдэл, сонирхол дээр тулгуурлан бий болдог. Өөрөөр хэлбэл хүүхдийн энэ үе бол шууд эцэг эх, асран хамгаалагчийн тусгал юм. 

Иймээс бага сургуулиас их сургууль хүртэл цаашлаад бүхий л амьдралд нь томоохон дэмжлэг болох бие даах, асуудал шийдвэрлэх, бэрхшээлийг даван туулах чадварыг 0-6 насанд суулгах хэрэгтэй.

Бие даах байдлыг хэрхэн дэмжих вэ? 

  • Аяга, халбагаа өөрөөр нь бариулан бие даан хооллож сургах
  • Хахахаас урьдчилан сэргийлсэн Finger food  буюу барьж иддэг хоол хүнсийг идүүлж хэвших 
  • Бие даан хувийн ариун цэврийг сахиулах орчин бүрдүүлж, дэмжих 
  • Гарын жижиг булчинг дэмжих: насны онцлогт тохирсон тоглоомоор тоглуулах, зураг зуруулах
  • 4-5 насанд нь гэрийн хаяг, асран хамгаалагчийн утасны дугаар цээжлүүлэх 
  • Асуудалд суурилсан, шийдэл хайгч тоглоом түлхүү тоглуулах

Боловсролд нь хэрхэн анхаарах вэ? 

  • 0-3 насны хүүхдийн тархи аливаа зүйлийг хамгийн хурдан хүлээж авах чадвартай байдаг тул хос хэлтэн болох хамгийн тохиромжтой үе гэж үздэг. Мөн 8 хүртлээ хүүхдүүд  хоёрдогч хэлний авианы ялгааг илрүүлэх онцгой чадвартай байдаг бөгөөд чих болон хэл ярианы булчин маш уян хатан соргог ажилдаг байна. Асран хамгаалагчдын түгээмэл эргэлзээ болох төрөлх хэлээ мартчихвий гэсэн айдсыг энэ факт няцаадаг байна. Хүүхэд чөлөөтэй 2-3 хэлний авиа зүй, дүрмийн ялгааг төвөггүй ялгаж чаддаг бөгөөд үүнд зөвхөн асран хамгаалагчийн  үүрэг, оролцоо чухал юм. 
  • Логик дараалалтай сэтгэх суурь тавигддаг бөгөөд тоо тоолол, учир зүй, дэс дараалал бүхий асуудал шийдвэрлэх дугуйланд хамруулахад хамгийн тохиромжтой. 
  • Уран сэтгэмж, чөлөөт сэтгэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжихэд урлагийн болоод спортын дугуйланд хамруулахаа мартаж болохгүй.

Зөв цагийн хуваарь, асран хамгаалагчийн анхаарал халамж хамгийн чухал зүйл юм. 

7-12 насны хүүхэд

Нийт амьдралын эхний 10 жилд тархи насанд хүрсэн хүнийхээс хоёр дахин илүү идэвхтэй байдаг. 6-7 наснаас аливаа зүйлсийн учир шалтгааныг эрэлхийлж эхэлдэг. Бие махбод, физиологийн хувьд илүү хүчтэй болдог. Зөв, буруу болон ёс зүйн мэдрэмж нь түлхүү ажилладаг.  Энэ үед хүүхэдтэйгээ сайтар ярилцах, нийгмийн хэм хэмжээ болон бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийг ойлгуулах нь чухал. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ХҮҮХДИЙН АВЪЯАС ЧАДВАРЫг НЭЭХ 10 АРГА 

Нэгдүгээр ангид орж өмнөх жилүүдээс илүү ачаалал нэмэгддэг ч уг ачааллыг хүүхэд хангалттай даах чадвартай байдаг. Гэхдээ бага ангийн хүүхдүүдийн хувьд цэцэрлэгийн насанд эзэмшсэн харилцааны болон академик чадварыг бататгахын тулд нийгмийн болоод биеийн хөгжлийг түлхүү анхаарах шаардлагатай. 

  • Ургамал, амьтад, газар зүйн орчинтой танилцуулах байгаль орчинтой хэрхэн  зөв харилцах талаар ойлголттой болгох 
  • Булчингийн хөгжил маш идэвхтэй явагдаж байдаг өсөлтийн үе тул бадминтон, сагс, сэлэлт, таеквондо гэх мэт бие бялдрыг хөгжүүлэх, энерги зарцуулах сургалтад хамруулах 
  • Төгөлдөр хуур, хийл, балет гэх мэт урлагийн мэдрэмж хөгжүүлэх сургалтад хамруулах эсвэл тоглолтод дагуулж явах 
  • Нийгмийн харилцааг дэмжих багийн ажиллагаа бүхий сургалт, арга хэмжээнд хамрагдах 
  • Найз нөхөдтэйгөө харилцах, уулзах, ярилцах боломж, нөхцөлийг байнга нээлттэй байлгах нь харилцааны чадварт маш чухал нөлөө үзүүлдэг болохыг мартаж болохгүй. 
  • Аль хэдийн логик дараалал, байгалийн хуулийн талаар мэдрэмжтэй болсон  байдаг тул шинжлэх ухааны суурь ойлголт өгөх дугуйлан эдгээр насныханд хамгийн тохиромжтой. 

12-18 нас өсвөр насны хүүхэд

Өмнөх жилүүдэд та хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж нэмэлт дугуйланд хамруулж байсан бол одоо хүүхдээ сонсож, хүсэл сонирхлыг нь хүндэтгэж үзэх хэрэгтэй. Тэд өөрсдийгөө илүү бие даасан бие хүн гэж үзэж эхэлдэг бөгөөд нийгмийн эд эс гэдгээ ойлгож эхэлдэг. Хувийн орон зай, найз нөхөд, нийгэмд эзлэх байр сууриа маш чухалд тооцогддог үе юм. 

Хүүхэд төдийгүй асран хамгаалагчийн хувьд ирээдүйн боловсрол, их сургуулийн асуудал чухалд тооцогддог. Гэхдээ тархи болоод бие физиологид үүсэж буй дааврын нөлөөллийг бодолцон хичээл, чөлөөт цагийн тэнцвэрийг олох нь чухал.  Тэдний тархи илүү хийсвэрлэн бодож, уран сэтгэмж, мэдлэгтэй таамаглал дэвшүүлэх, баримтыг эрэмбэлэх чадвар нэмэгдэж, үйлдлийн үр дагаврыг өнөөдөр төдийгүй, холын ухаанаар ойлгож байдаг. Ирээдүйн өөрсдийн зорилгоо тодорхойлж эхэлдэг ба бусдын санал бодлыг харгалзан үзэх боловч өөрсдөө шийдвэр гаргах түгээмэл байдаг.  

  • IELTS, Toefl, SAT-д бэлдэх 
  • Шинжлэх ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах 
  • Бие махбодын хөгжилд тус болох спортын дугуйланд хамруулах 
  • Сайн дурын ажилд оролцуулах, хамтдаа сайн дурын ажил хийх 
  • Хүүхэдтэйгээ ярилцах, асран хамгаалагч өөрөө сайн сонсогч байх
  • Бэлгийн бойжилт, бэлгийн харилцааны талаар ярилцах 

Бага насандаа хэдий хэмжээний ачаалал даана томрох тусам түүнд дасан зохицох чадвар нэмэгддэг. Тиймээс хүүхдийнхээ онцлогт тохирсон ажлуудыг даалгах, тархи болоод бие махбодын хөгжлийг дэмжих нь чухал юм. Мэдээж хамгийн чухал нь асран хамгаалагчийн хүүхдэдээ зарцуулж буй цаг гэдгийг мартаж болохгүй.

VEGA CITY хотхоны танилцуулга