NCD группийн мэдээллийн хуудас

Хүүхдэд хөгжмийн боловсрол эзэмшүүлэх нь яагаад чухал вэ?

Written by Nomin construction | 11/30/18 2:58 AM

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хөгжмийн боловсрол олгох хичээлийг бага цагаар орох болсон. Хэдийгээр өнгөц харахад энэ нь тийм том асуудал биш юм шиг боловч хөгжмийн боловсрол хүүхдийн хүмүүжил, хөгжилд мэдэгдэхүйц нөлөөлдөг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байна. Ингээд хүүхдийн хөгжилд хөгжмийн боловсрол хэрхэн нөлөөлдгийг харцгаая.

Тархины хөгжилд эерэг нөлөөтэй



Хөгжмийн боловсрол хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Судалгаагаар хөгжмийн боловсрол хүний тархины эс хоорондын холбоог бэхжүүлдэг болох нь тогтоогдсон байна. Үүнээс гадна хөгжим сурахад хүний зүүн болон баруун тархи зэрэг ажилладаг бөгөөд ингэснээр хүний тархины хэл яриа, сэтгэн бодох, ой тогтоолтын үйл ажиллагаанууд сайжирдаг байна. Хүн хөгжим тоглохын тулд нот уншиж цээжлэх, дуу чимээний ялгааг мэдрэх гэх мэт олон үйлдлүүдийг нэгэн зэрэг хийдэг учраас дээр дурдсан нөлөөллүүд бий болдог байна.

Хэрэгцээт ерөнхий ур чадварыг хөгжүүлдэг

Хүний зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай багаар ажиллах, харилцах, асуудлыг шийдвэрлэх зэрэг зарим төрлийн ерөнхий ур чадваруудыг хөгжүүлэхэд хөгжим тусалдаг. Найрал дуу, найрал хөгжим, хамтлагийн нэг хэсэг болсноор багаар ажиллах чадвар сайжирч, байнгын бэлтгэл сургуулилтын үр дүнд хүүхэд тууштай, тэвчээртэй болж хүмүүждэг байна. Үүнээс гадна хүүхдийг гоо зүйн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай, сахилга баттай болж хүмүүжүүлэхэд ач холбогдолтой.

Хүүхдийн сурлагад сайнаар нөлөөлнө

Сурагчдын ерөнхий мэдлэгийн түвшин шалгах шалгалтыг хөгжмийн боловсрол олгодог болон огт олгодоггүй хэд хэдэн сургуулиудаас авч үр дүнг харьцуулан үзэхэд бүх хичээлийн шалгалтын оноогоороо хөгжмийн хичээл ордог сургуулийн сурагчид 20%-р илүү оноо авсан байна. Эндээс хөгжмийн боловсрол хүүхдийн хичээлийн сурлага, амжилтанд нөлөөтэй байгааг харж болно.

ХОЛБООТОЙ: Багийн спортоор хичээллэх нь хүүхдэд ямар ач тустай вэ?

Ирээдүйд амжилт гаргахад нь тусалдаг

Хөгжим ирээдүйд амжилтад хүрэхэд тусалдаг. Өнөөгийн нийгмийн чиг хандлага бүтээлч сэтгэлгээнд гол анхаарлаа хандуулах хандлагатай болсон. Хэн бусдаас өөр бүтээлчээр сэтгэж чадна тэр хүн амжилтад нэг алхам дөхнө гэхэд хэлсдэхгүй. Иймд бүтээлч сэтгэлгээтэй, хайрцагнаас гадуур сэтгэж асуудлын шийдлүүдийг бий болгох чадвартай болоход хөгжмийн боловсрол тусалдаг.