NCD группийн мэдээллийн хуудас

Эдэлбэр газартаа ямар мод тарих вэ?

Written by NCD Group | 5/10/22 7:42 AM

Ихэнх мод ургамалуудын тариалах үе бол хаврын улирал байдаг. Тэр дундаа 4 сарын 15 наас 5 сарын 20 ны хооронд хамгийн тохиромжтой үе байдаг.Бид аль болох арчилгаа багатай хөрс голохгүй мод ургамал сонгон тарьдаг. Учир нь Монгол орны уур амьсгал, цаг агаарын байдал, хөрсний онцлогт тохируулах шаардлага гардаг. 

Хамгийн түгээмэл бөгөөд хөрсний онцлог, арчилгаа бага шаарддаг доорх мод ургамалуудаас сонгон зөв цагт нь тарьж ургуулаарай. 

Улиас мод

20 орчим метр өндөр ургадаг мод. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг хайргархаг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгэнд дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой. Намгархаг газар тарихад илүү тохиромжтой.


Бургас

Дэлхий дээр нийт 300-400 гаруй зүйл бургас ургадгаас Монгол оронд 40 гаруй зүйл нь бий. Түүний дотор түгээмэл тохиолдох нь “таван дохиурт бургас” бөгөөд 16 метр хүртэл өндөр ургаж, ховор тохиолдолд сөөг хэлбэрээр 5 метрийн өндөртэй ургана. Бургас хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм. Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Хайлаас
Хуурайдуу, хур тунадас бага ордог орчинд голдуу ургана. Хөрс нь сийрэг үржил шим муутай, хад асгатай хайргадуу, голын эргийн элсэрхэг хөрсөнд зонхилон тохиолдоно. Манай орны нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг мод нь хайлаас, улиас юм. Хайлаас өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг мод.
Үрээ тарихын өмнө 1-2 цаг чийглэн дэвтээсний дараа тарина. Нэг га-д цэвэр үр дунджаар 120 кг оногдохоор бодож далавчтай нь тарина. 0.5-1 см гүнд үртэс ба хөнгөн хөрсөөр хучиж тарина. 2-3 настай тарьцыг бойжуулах болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэх ажилд шилжүүлэн суулгана. Хөрсийг 7 хоногт нэг удаа сийрүүлнэ.



Гацуур
20-60 м хүртэл өндөр ургах том мод юм. Гацуур нь нь 2-100 м хүртэл ургадаг, мөнх ногоон, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц шилмүүсэн мөчрүүдтэй орой хэсгээрээ шулуун, өвөрмөц үзэсгэлэнт мод бөгөөд удаан ургадаг, 15 настай гацуурын өндөр 4,5-5,3м, харин 25 настай гацуурын өндөр 9,5-9,7м хүртэл ургадаг бол 40 настай гацуурын өндөр 14,5-16,1м өргөн нь 29-37 см хүрдэг. Байгаль цаг уурын тааламжтай нөхцөлд илүү өндөр, өтгөн шулуун оройтой ургадаг байна.


Хус мод
Нийт 12 зүйл хус мод ургадаг. 13-18м өндөр ургаж 50-60 жил насалдаг. Хус мод нь өндөр ач холбогдолтой мод бөгөөд хавар болохоор хүмүүс ядаргаагаа тайлах, үе мөчний өвчнөө анагаах, бөөр давсагныхаа нянг устгах зорилгоор хусыг нүхлэн сав суулга дүүжлэн 5-10 литр хүртэл шүүсийг нь юүлж авдаг. Гэхдээ нэг модноос 10 литрээс илүү шүүс авч болохгүй. Хусны шүүсийг хонуулж болдоггүй бөгөөд өдөрт нь уух ёстой.


Нарс мод
Нарс нь урт настай мод бөгөөд заримдаа 50 м хүртэл өндөр ургаж 1000 жил наслах тохиолдол бүртгэгдсэн байна. Мөчир нь их биенээсээ тусгаарлагдан ургадаг тарихад маш нарийн арга шаарддаг мод юм.

Шинэс
Орос, Канадын ой тайгад түгээмэл ургадаг. Намар болоход навчаа гөвөх ба 15-45м өндөр ургадаг. Шинэс модыг түүний өндөг хэлбэрийн үзэсгэлэнт том, хатуу модлог 2,5-4,0 см урт, 2-3 см өргөн цилиндр хэлбэрийн боргоцой нь ихэд чимэглэдэг. Шинэс нь янз бүрийн өнгөтэй ургадаг ба бүдэг ногооноос улаан шаргал хурц улаан өнгөтэй байдаг. Энэхүү мод нь жавартай, сэрүүн орчинд маш тэсвэртэй бөгөөд заримдаа 200 гаруй жил насалдаг.

Шар хуайс
Шар хуайс нь өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд ашиглагддаг. Мод нь хүрэн голчтой байдаг ба маш бөх бат, уян чанартай учир жижиг модон бүтээлүүдийг хийхэд ашиглагддаг. Залуу мөчрөөр нь сагс сүлждэг. Шар хуайсыг мөн элсний нүүдлийг зогсооход ба хажуу, налуу газрыг нуралт, урсалтаас сэргийлж бэхлэхэд ашигладаг.
4-7 м өндөр ургадаг олон наст ургамал юм. Тод ногооноос хар ногоон хүртэл өнгөтэй анхилуун үнэртэй.


Монос
Хүйтэнд тэсвэртэй, хурдан ургадаг навчит мод юм. 3-7м өндөр ургадаг. 40 жилээс дээш насжилттай мод юм. Газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй тас хар өнгөтэй, чийгсэг, хүйтэнд тэсвэртэй. Монос 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр боловсорсон үедээ үзэсгэлэнтэй өнгө хувиргадаг гоёл чимэглэл болон жимсний зориулалтаар тарималжуулна. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй. Үрээр болон мөчрөөр тарьж ургуулдаг. Хотын парк цэцэрлэгт тарихад тохиромжтой, гадаад байдлын хувьд гоёмсог цэцэг нь бал агуулдаг.


Үхрийн нүд
Үхрийн нүд нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоолонд дуртай болгон гэдэс өвдөлтийг зогсоох, шээсний ялгаралтыг нэмэгдүүлэх, олон янзын аминдэм агуулдгийн ачаар өвчтөнийг тэнхрүүлэн цус багадах, турж эцэх үед хэрэглэхэд тустай. Шүүсээр нь хоолойн өвчин, хөхүүлэн ханиалгахыг эмчилдэг бөгөөд навч нь бөөрний үйл ажиллагааг тордон идэвхжүүлж, туулайтах өвчний үед хэрэгцээтэй. 1-2 настай суулгацаар тарихад 2-3 дахь жилээсээ үр жимсээ өгч эхэлнэ. Анхны жимслэлтээс хойш 10 жил ургац өгөх бөгөөд үүний долоон жилд нь найдвартай өндөр ургац өгнө.


Чацаргана
Чацарганыг хавар эрт болон намрын эхэн сард тарихад тохиромжтой. Хэрэв хүнд хөрстэй газарт тарихаар болбол хүлэрт хольж хөнгөн хөрсийг урьдчилан бэлтгэнэ. Энэ холимог хөрсөө тарих нүхэнд хийхдээ фосфорын бордоо 300 гр, кали 50 граммыг нэмж чацарганаа суулгана. Тарьж байгаа чацарганы суулгацын үндэсний хүзүүвчийг 5-8 см-ийн гүнд шороонд булж суулгаад хөрсийг сайтар нягтруулсны дараа хангалттай усална.
Усалгааг нэг модны тогоонд 40-50 л ус шингэхээр тооцож усална. Чацаргана бол хоёр гэрт ургамал юм. Нэг газарт 4-6 эм модонд нэг эр мод байхаар тооцож зонхилох салхины дээд талд нь эр модыг тарьж суулгана. Эр модондоо тэмдэглэгээ хийвэл сайн. Жимс өгөх үед эм модноос жимс гарахгүй бол эр модны мөчрийг аван тоос хүртээнэ.

Голт бор
2.5-3 м хүртэл өндөр ургадаг бутлаг ургамал бөгөөд Европын зүүн өмнөд хэсэг болон Азийн зүүн хэсгээс гаралтай. 5 сарын сүүл үеэс эхлэн 19 орчим хоног цэцэглэдэг байна. Цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас төгөл зэргийг байгуулахад нэн тааламжтай. Манай орны цаг уурын нөхцөлд тарималжан нутагшиж байгаа гоёл чимэглэлийн ач холбогдолтой шинэ таримал сөөг юм.6 сарын 15-с 7-р сарын эхнээс сүүл хүртэл цэцэглэдэг. Цэцэрлэгжүүлтэнд ганц нэг хэсэг бүлгээр таривал зохимжтой. Тарих нүхний хэмжээ 60х50 см байна. Элс, хар шорооны холимог хөрсөнд таривал зохино 3-5 м өндөр ургадаг 40-50 наслана.


Агч
Нөмөр дулаан газар сайн ургах бөгөөд үрээр үржүүлэхэд хялбар байдаг бөгөөд 10-р сарын эхээр үр бүрэн боловсордог. Үр нь модноосоо унахгүйгээр өвөлжиж дараа жилийн хавар хүртэл модон дээрээ байдаг. Үр боловсорч гүйцсэний дараа болон модон дээрээс нь хавар болтол түүж болно.
Түүсэн үрээ бэлдсэн дэвсэгт 4-р сарын сүүлчээс 5-р сарын дунд хүртэлх хугацаанд тарина. Үрээ тарихаас өмнө 24 цаг усанд дэвтээж сойно. Үрийг салхи, хүйтнээс нөмөр газар хурц нарны тусгалаас зайдуу модны нөмөр сүүдэрт эсвэл байшингийн ар нөмөр газарт дэвсэг буюу хайрцаглаж бэлдсэн талбайд 1-1.5см гүнд мөрлөж тариад хөрсийг жигд гишгэж сайтар нягтруулна. Мөр хооронд арчилгаа хийх боломжтой байхаар тооцож 20см-ээс багагүй зайтай тарина.


Долоогоно
Долоогоно голын хөндий, хусан төгөл, жалгын гүехэн ам, сийрэгхэн ойн захад ургадаг. Яс мэт хатуу модлогтой,бат бөх улаан хүрэн найлзууртай, 2.5-4см урт, 3 мм бүдүүн шулуун өргөстэй, навчны хоёр тал нь үрчлээтэй дээд тал хар ногоон, доод тал нь цайвар ногоон, сийрэг үслэг, навчны хэлбэр дүгирэгдүү ромбо маягтай үзүүр нь шовх, цэцэг нь жижигхэн цагаан өнгөтэйбагцалж ургадаг, эвгүй үнэртэй 5-6 сард цэцэглэж, 8.9 сард жимсэлдэг.
Жимс нь гялалзсан, бөөрөнхий 2 см хүртэл диамертэй, час улаан эсвэл хүрэндүү шар өнгөтэй. Жимсний зөөлөн эд нь гурилархуу, 2-5 ястай, исгэлэндүү амтлаг амттай.
Долоогоны мод нь 40 жил ургах, амьдрах чадвартай, өтгөн шигүү мөчиртэй, өндөр гуалиголон улаан шаргал жимстэй мод нь ихэмсэг баян ноён дүртэй учир “ноён мод” гэж нэрлэжээ.