Сингапур улсын нийт иргэдийн 4/5 нь засгийн газрын барьсан орон сууцанд амьдардаг байна. Хотын хаяа дүүргүүдэд HDB-ийн цайвар цэнхэр орон сууцны дүүргүүд олон.
Сингапур улсыг хамарсан орон сууцжуулалтын энэ аварга тогтолцоо нь татварын хөнгөлөлт, гадны дотны банкирууд, үндэстэн дамнасан корпорацийн төлөөлөгчидтэй зэрэгцэн оршдог гэхэд итгэмээргүй юм. HBD нь Сингапур улсыг тусгаар тогтнолоо зарласнаас хойш удирдаж буй Ардын Үйлийн Нам (PAP)-н нийгэм эдийн засгийн тулгуур багана ажээ.
Сингапур улсын Орон сууцжуулалт, хөгжлийн зөвлөл (HBD) нь Их Британийн колончлогчдын байгуулсан хот төлөвлөлтийн агентлагийг орлохоор 1960 онд байгуулагджээ. Тэдний зорилго нь эхэн үедээ эмзэг бүлгийн өрхүүдэд зориулсан хямд түрээсийн байр байсан бол, дөрөвхөн жилийн дотор олон нийтэд зориулсан орон сууцны барилгуудыг бүтээн байгуулах ажилд шилжсэн байна.
1959-1990 онд ажиллаж байсан Сингапур улсын Ерөнхий сайд Ли Куан Юе бичихдээ, “Олон нийтэд орон сууц өмчлүүлснээр иргэн бүр эх орондоо “хувь” эзэмшиж, Хятад, Энэтхэг, Малай үндэстнүүдийн нэг дор оршин суудаг тус арал-улс илүү эв найрамдалтай болох учиртай юм” хэмээжээ. Улмаар Сингапур улсын засгийн газар эрх мэдлээ ашиглан газар нутгаа эзэмшилдээ авах аян өрнүүлж, (засгийн газар одоо Сингапурын нийт газрын 90 орчим хувийг эзэмшдэг), ард иргэдээ нам дор тосгоноос нүүлгэж, өндөр бетонон сууцанд амьдруулах болжээ.
Эдүгээ HBD-н байгуулсан 1 сая орчим орон сууцны барилгатай 20 гаруй шинэ хот Сингапур хотын далайн эргийн бүсийг тойрон баригдаад байна. Засгийн газар жил бүр хараахан ашиглалтад ороогүй байгаа орон сууцнуудыг зах зээлийн үнээс хямдаар анх удаа сууц өмчлөх гэж байгаа иргэдэд худалддаг байна. Иргэд хөтөлбөрт хамрагдахын тулд 3-4 жил хүлээх хэрэгтэй болдог ч, тэдэнд 99 жилийн лизинг олгогддог ажээ. Байртай болох бас нэгэн өөр зам бий. Энэ нь HBD-н байрнуудыг иргэд хоорондоо үнээ тохиролцон наймаалцах юм. Шинэ байр, хуучин байр авахаас үл хамааран анх удаа болон хоёр дахь удаагаа байр авж байгаа өрхүүдэд засгийн газар мөнгөн тэтгэмж өгдөг ажээ. Байртай болж буй иргэдийн хүн ам зүйн хольцыг засгийн газар хийх бөгөөд, Хятад, Энэтхэг, Малай хүмүүст нийт хүн амын дунд эзлэх хувийн дагуу HBD-д байр олгосноор аль нэг үндэстэн давамгайлсан төвлөрөл бий болохоос сэргийлдэг байна.
Сүүлийн үед засгийн газраас Пунгол дүүрэгт олноор нь ашиглалтад оруулах болсон 3 өрөө байрнууд дунджаар $300,000 Сингапур долларын (217,000 ам.доллар) ханштай байгаа бол, амжиргааны төвшнөөс доогуур орлоготой шинэ сууц өмчлөгчдөд засгийн газраас 75,000 Сингапур долларын буцалтгүй тусламжийг олгодог байна. Харин хоёрдогч зах зээлээс ижил орон сууцыг худалдаж авахад дээрх үнэ 20-52% илүү үнэтэй байх бол, гадаадын иргэд болон чинээлэг Сингапурчуудад зориулагдсан хувийн хэвшлийн орон сууцнууд дээрх үнээс 3 дахин илүү байх нь элбэг ажээ.
Хүн бүрийг орон гэртэй болгодог энэхүү тогтолцоог амжилттай хэрэгжиж байгааг нотлох олон үзүүлэлтүүд бий. Засгийн газрын орон сууцнууд гаднаасаа нурамгар харагддаг ч гэлээ дотроо цэвэрхэн, аюулгүй мөн хангалттай зай талбайтай ажээ. Эдгээр орон сууцнууд нь Хонг Конг, Лондон болон бусад баян хотуудын орон сууцнуудтай харьцуулахад хамаагүй хямд байх бөгөөд, HBD-н хэрэгжүүлэгч агентлагийн мэдээлснээр шинээр сууц өмчлөгчид нийт өрхийн орлогынхоо дөрөвний нэгээс ч бага хувийг зээл төлөхдөө зарцуулдаг байна.
Энэ нь засгийн газрын хувьд ч ашигтай наймаа юм. 2015-2016 онд Сингапур улсын төсөвийнхөө 2.4%-ийг буюу $1.8 тэрбум сингапур долларыг HBD-ын орон сууцжуулах үйл ажиллагааны жилийн алдагдлыг нөхөхөд хангалттай байжээ. (HBD-ын жилийн төсөв нь 17 тэрбум сингапур доллар бөгөөд нэмэлт санхүүжилт хэрэгтэй үед засгийн газын зээл, банк болон бондыг ашигладаг) 1960-аад онд HBD байгуулагдсанаас хойш засгийн газар тэдэнд $28 тэрбум давсан Сингапур долларын тэтгэмж олгосон хэмээн мэдээлжээ.
Сингапур улс татвар төлөлтөөр санхүүждэг тэтгэвэрийн тогтолцоогүй байдаг нь орон сууцжуулалтын эдгээр буцалтгүй тусламжуудтай шууд холбоотой. Засгийн газрын тооцооллын дагуу, Сингапурын бараг бүх иргэд тэтгэвэрт гарах насанд хүрэх үедээ өөрийн гэсэн орон сууц, мөн тодорхой хэмжээний хадгаламжтай болсон байх юм. Тэтгэвэртээ гарах үедээ байшингаа бууруулж “тохирсон хэмжээтэй” байранд нүүж орохыг нь ч засгийн газар дэмждэг байна. Эцэг эхтэйгээ нэг хотхонд байр авсан хүмүүст хямдрал, хөнгөлөлтүүдийг өгдөг нь улсын төсөвт учрах нийгмийн халамж, өндөр настнуудын асаргааны зардлыг багасгадаг ажээ.
Орон сууцжуулалтын энэхүү тогтолцоо нь Ардын Үйлийн Нам 70 дахь жилдээ төр барьж байгаагийн нэг шалтгаан юм. Орон сууц эзэмшилтийг тэргүүн зорилгоо болгох нь сонгогчдын итгэлийг татаад зогсохгүй, орон сууцтай иргэд сонгуулиар эрсдэлтэй сонголт хийх хандлага бага байдаг байна. Дээр нь нэмээд, сөрөг хүчнийг дэмжигчид нь засгийн газраас HBD-н барилгуудад ирэх шинэчлэл сайжруулалтуудаас хоцрох болно гэдгийг Ардын Үйлийн Намын нэр дэвшигчид тусгайлан хэлдэг ажээ.
Орон сууцжуулалтыг удирдах нь Сингапурын засгийн газраас ард иргэдийнхээ амьдралыг хянаж чиглүүлэх боломжийг олгодог байна. HBD-ын байранд хэн амьдарч болох, хэн амьдарч болохгүйг маш хатуу хууль дүрмүүд тогтооно. Зарим нь заалтууд нь үнийн хөнгөлөлтийг баталгаажуулдаг боловч, ихэвчлэн хувь хүний амьдралын шийдвэрийг засгийн газар өмнөөс нь гаргах хандлагатай мэт байдаг. Үүний дундаас хамгийн тод томруун нь хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой гэрлэсэн хосуудад үзүүлэх хөнгөлөлтүүд юм. Ганц бие хүмүүс байр авахаар бүртгүүлж болох ч насны хязгаарлалт нь 35 байдаг байна.
Үүний үр дүнд Сингапурын залуучууд гэрлэх хүртлээ эцэг эхтэйгээ амьдардаг байна. Тэд засгийн газрын тусламжгүйгээр байр түрээслэх болон худалдаж авах нь нээлттэй боловч үндэсний хуримтлалд татвар төлөх шаардлагагүй чинээлэг гадны иргэдтэй өрсөлдөх хэрэгтэй болдог ажээ.