NCD GROUP БАРИЛГЫН САЛБАРЫН “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан NCD Group-ийг салбарын хөгжил, бүтээн байгуулалтын үйлсэд оруулсан хувь нэмэр, барилга угсралтын чиглэлээр гаргасан ажлын үр дүн, амжилтыг үнэлж “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарууллаа.

NCD Group нь 2002 онд барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэн, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. 2008 оноос орон сууцны цогцолбор төслийн хөгжүүлэлтэд төвлөрч, хот байгуулалтын орчин үеийн шийдэл, иж бүрэн мастер төлөвлөлт, хэрэглэгч төвтэй хөгжүүлэлтийг төслүүддээ үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд NCD Group нь орон сууцны иж бүрэн 11 цогцолбор төсөл, худалдаа үйлчилгээний бие даасан 5 барилга, нийт 1,000,000м² талбайд бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулжээ.

Манай компанийн хэрэгжүүлж буй төслүүд нь зөвхөн орон сууцны барилга барихад бус, хүний амьдралын чанар, гэр бүлийн тав тух, эрүүл, аюулгүй орчинд чиглэсэн цогц төлөвлөлтөөрөө онцлог юм. Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зайг уялдуулан төлөвлөж, хотхоны гадна орчин, тохижилт, ландшафтын шийдэлд онцгой ач холбогдол өгч ирсэн.
Мөн хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй материал, инженерчлэлийн дэвшилтэт шийдэл, архитектурын шинэлэг концепцийг бүтээн байгуулалтдаа нэвтрүүлэхийн зэрэгцээ ногоон үйлдвэрлэл, эко бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагааныхаа чухал чиглэл болгон ажиллаж байна.
NCD Group-ийн үйл ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэлтээр хязгаарлагдахгүйгээр өргөжин тэлж,
-
Барилгын хийц, эдлэлийн үйлдвэрлэл
-
Монгол гэр болон модон эдлэлийн үйлдвэрлэл
-
Гадаад худалдаа, үйлчилгээний менежментийн компани
-
Монголын соёл, өв уламжлалын төв бүхий онлайн худалдааны компани
-
Мод үржүүлгийн газар зэрэг харилцан уялдаатай чиглэлүүдийг хөгжүүлж байна.
Үүний зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд соёл, урлаг, спорт, байгаль орчин болон нийгмийн сайн сайханд чиглэсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг дэмжих, ивээн тэтгэх, хамтран хэрэгжүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн NCD Group-ийн нийт ажилтнууд, нийлүүлэгч, гүйцэтгэгч, хамтран ажиллагч байгууллага, түншүүд болон бидэнд итгэл хүлээлгэн ирсэн харилцагчдадаа талархал илэрхийлье.
NCD Group цаашид ч чанар, стандарт, инноваци, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, ногоон орчин, гэр бүлд ээлтэй цогц төлөвлөлт бүхий бүтээн байгуулалтыг хөгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчинд урт хугацааны үнэ цэн бүтээж, Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллах болно.