NCD групп нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай олимпод оролцсон тамирчдыг ивээн тэтгэж оролцлоо.

Written by Nomin construction | Mar 22, 2019 6:16:00 AM

2019 оны 3-р сарын 8-аас 22-ны өдрүүдэд Арабын Эмират улсын Абу Даби хотноо тусгай олимпийн 15 дахь удаагийн наадам болж, 192 орны 7500 орчим тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдсөн юм. Тус наадамд Монгол Улсаа төлөөлж 28 тамирчин спортын 7 төрлөөр оролцсоноос гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль нийт 18 медаль хүртсэн амжилт үзүүллээ.

 

 

Тусгай олимпийн наадамд Монгол улсын хувьд анх удаа хөл бөмбөгийн баг бүрдүүлж оролцсон бөгөөд манай тамирчид  Шинэ Зеланд /5:4/, Хятад /4:0/, Бахамын арлуудыг /2:1/ тус тус хожсоноор мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт гаргасан юм. Шинэ Зеланд улсын багтай хийсэн тоглолтын үеэр манай баг тэмцээний эхний 15 минутанд 4:1-ийн харьцаатай хожигдож явсан ч эхний үеийн тоглолтын цаг дуусахаас өмнө 2 гоолыг дараалан хийснээр тоглолтын тооны харьцаа 4:3 болоод байсан ба тоглолтын 2-р үед цаг дуусахаас өмнө дахин 2 гоолыг нэмж оруулснаар онооны харьцаа 5:4 болж манай улсын баг гайхалтай хожлыг авч чадсан нь энэ хэсгийн тоглолтын хамгийн сэтгэл догдлуулсан сонирхолтой мөч байлаа.

NCD групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөл бөмбөгийн их спортыг тогтмол дэмжиж ирсэн бөгөөд энэ удаад ч тусгай олимпийн наадамд амжилттай оролцсон хөл бөмбөгийн баг тамирчдаа ивээн тэтгэж оролцлоо. Группийн зүгээс түүхэн амжилт гаргасан тамирчдынхаа ирээдүйн олон тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд цаашид ч үргэлж дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.