2019 оны 9 сарын 23-с 10 сарын 5-ны өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуй нэгжүүдийн ХАБЭА-н ажилтнуудыг нэгдмэл зохион байгуулалтад оруулж, нийгмийн зорилтот бүлэгт туслах аян өрнүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, цаашид уламжлал болгох, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжиж, сонгогдсон зорилтот бүлгийн гадна тохижилтод өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хувь нэмрээ оруулах сайн үйлсийн аяныг өрнүүлсэн билээ.
Тус аяны хүрээнд NCD Группийн ХЭМАБ-ын хэлтэс болон NCD Группийн туслан гүйцэтгэгч компаниудын ХЭМАБ-н ажилтнууд нэгдэн оролцсон бөгөөд "Эрдэм төв" хүүхдийн асрамжийн газрыг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэн 10 сарын 3-ны өдөр багш болон хүмүүжигч хүүхэд багачуудад хүлээлгэн өглөө. Эрдэм төв нь 2006 онд байгуулагдан, 13 дах жилдээ өөрийн үйл ажиллагааг явуулж буй бөгөөд 3-21 насны 24 хүүхэдтэй. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэд байдаг байна.
Эрдэм төв-ийг тохижуулах ажлын хүрээнд гадна хашаа, дээвэр, цахилгаан, сантехникийг засаж сэлбэн янзалж, галын сараа болон дотор заслыг хийж гүйцэтгэн, хүмүүжигч хүүхэд багачуудад зориулан NCD Группийн ХЭМАБ-н хэлтсээс гаргадаг "Миний аюулгүй байдлын ном" буюу ХАБЭА-н гарын авлагыг тараан, ХАБЭА-н сургалт зохион байгуулсан бөгөөд, хүүхдүүдэд зориулан тэдний хүсэл сонирхолд нийцсэн гарын бэлгүүдийг бэлэглэлээ.
"Эрдэм төв"-ийг тохижуулан хүлээлгэж өгөх арга хэмжээний үеэр хүүхэд багачууд болон багш нар урлагийн үзүүлбэр толилуулж, "Та бүхнийг хэзээ ч ирсэн үүд хаалга маань нээлттэй байх болно" хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.
"Эрдэм төв"-ийн хүмүүжигч хүүхэд багачууддаа болон багш сурган хүмүүжүүлэгч нартаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.