Шидокан Каратэгийн дэлхийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн 2019 оны 2 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Кувейт улсад зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээнд 18 орны 100 гаруй тамирчин өрсөлдсөн ба уг тэмцээнд эх орноо төлөөлөн манай 4 тамирчин, баг бүрэлдэхүүн оролцож 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиар энгэрээ мялааж, нийт дүнгээр 3-р байранд орсон амжилттайгаар эх орондоо ирлээ
Алтан медаль хүртсэн тамирчин Б. Галсандорж шийдвэрлэх тоглолтондоо зохион байгуулагч орны тамирчинтай өрсөлдсөн бөгөөд манай тамирчны хувьд илт илүүрхэн өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулсан ч шүүгч тоглолтыг цааш үргэлжлүүлэн онооны илүүгээр ялалтыг Кувейтийн тамирчинд өгснөөр манай тамирчны хувьд мөнгөн медаль хүртээд байсан юм. Гэвч тэмцээний шүүлтийн дараа “Дэлхийн шидокан каратэгийн холбоо”-г үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ёшижи Соэно шударга үнэний талд зогсож ялалтыг манай тамирчинд өгөх ёстой хэмээн шийдвэрлэснээр аваргын бүс, алтан медалийг Б. Галсандорж маань хүртсэн нь тус тэмцээний хамгийн торгон агшин байлаа.
Дашрамд дурдахад 2020 оны Токиод зохиогдох зуны олимпийн хөтөлбөрт шидокан каратэгийн төрөл багтсан ба манай тамирчид дээрх дэлхийн чансааны тэмцээнд өндөр амжилттай оролцсоноор ирэх олимпийн наадамд оролцох эрхээ авч чадсан юм.
“NCD” групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэмцээнд оролцсон баг тамирчдыг ивээн тэтгэж оролцсон бөгөөд эх орныхоо нэрийг дуурсган, төрийн далбааг мандуулж дэлхийн тавцанд амжилт гаргасан нийт баг тамирчиддаа баяр хүргэхийн ялдамд цаашдын олон тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.