БОГДХАН УУЛЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ САНААЧИЛГАД "NCD GROUP" НЭГДЛЭЭ
"NCD Group" нь "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам"-тай хамтран Богдхан уулын зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах, амьдрах орчны тасалдлыг бууруулах, дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурлаа.

Богдхан уул нь дэлхийн эртний дархан цаазат газруудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн, экологийн онцгой үнэ цэн бүхий бүс нутаг юм. Тус бүсэд 54 зүйл хөхтөн амьтан, 194 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд хотжилт, авто зам, дэд бүтцийн хөгжлийн нөлөөгөөр зэрлэг амьтдын амьдрах орчин болон байгалийн нүүдэл шилжилтийн зам тасалдах эрсдэл нэмэгдэж байна.
Энэхүү санаачилгын хүрээнд Хүрхрээгийн ам, Чандманы ам орчимд экологийн гарц байгуулахаар төлөвлөж, шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Экологийн гарц нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн байгалийн замыг сэргээх, амьдрах орчны хуваагдлыг бууруулах, ус болон тэжээлийн эх үүсвэрт аюулгүй хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Богдхан уулын экологийн коридорыг урт хугацаанд хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
ХОТЫН ХӨГЖИЛ, БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫГ УЯЛДУУЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ ХӨГЖИЛ

"NCD Group"-ийн хувьд бүтээн байгуулалт гэдэг нь зөвхөн барилга, дэд бүтэц бий болгохоор хязгаарлагдахгүй. Бид хүн, хот, байгаль орчны тэнцвэрийг хадгалсан хариуцлагатай, тогтвортой хөгжлийг үйл ажиллагааныхаа чухал зарчмын нэг болгон ажилладаг. Энэ хүрээнд Богдхан уулын биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтдын амьдрах орчны тогтвортой байдлыг дэмжих экологийн гарцын санаачилгад нэгдэж, хотжилт болон байгаль хамгааллыг уялдуулсан шийдлийг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Цаашид "NCD Group" нь байгальд ээлтэй бүтээн байгуулалт, ногоон хөгжил, экологийн тэнцвэрийг хамгаалах төсөл, санаачилгуудыг тууштай дэмжиж, өнөөдрийн хөгжлийг ирээдүй үеийн үнэ цэнтэй уялдуулан бүтээхийг зорин ажиллах болно.