Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон NCD group хамтран ХАБЭА-ын сургалт зохион байгууллаа

Written by Nomin construction | Aug 21, 2018 3:57:06 AM

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн 4-р сарыг ХАБЭА-н сар болгон зарлаж, энэхүү ажлын хүрээнд сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулдаг нь ажил олгогч нарт харилцан туршлага судлах, ХАБЭА-н талаар төрөөс баримталж буй бодлого, хяналтын асуудлаарх мэдлэгийг бататгах чухал ач холбогдолтой юм.

Уг аяны хүрээнд өнгөрсөн жил буюу 2017 оны 4-р сарын 28-нд "Ривер Гарден-2" төслийн талбайд туршлага солилцох талбайн сургалтыг Хан-Уул дүүргийн хэмжээнд зохион байгуулж, барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй 40 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй Инженер техникийн ажилтнууд хамрагдаж байсан бол энэ жил 4-р сарын 18-нд "ХАБЭА-2018" сарын аяны хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран "Барилгын талбайд ХАБЭА-г хангах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох сургалт"-ыг NCD групп хамтран оролцож орон сууцны цогцолбор хотхон болох "Гарден сити" төслийн барилга угсралтын талбайд зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтанд Нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй барилгын 226 аж ахуйн нэгжийн 400 гаруй ажил олгогч, барилгын инженер, ХАБЭА-н ажилтан хамрагдав. Сургалтаар ажил гүйцэтгэх үед ХАБЭА-г хэрхэн хангах, ажлын байранд гарч болох ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлсний ач холбогдол, NCD группийн төслийн видео танилцуулга, NCD группийн ХАБЭА-н үйл ажиллагааны онцлог, үр дүн, ач холбогдол, туршлагын талаар сонирхолтой илтгэлүүд тавигдаж, барилга угсралтын үйл ажиллагаатай нийт зочид танилцан харилцан туршлага солилцлоо.