СП ФАЛКОНС КЛУБЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН  “НӨХӨРЛӨЛ” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД NCD ГРУППЫН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Written by Nomin construction | Jun 5, 2019 6:55:00 AM

Хөл бөмбөгийн СП Фалконс клуб өөрсдийн клубын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, тайлагнах зорилготойгоор Ривер Гарден хотхоны хөлбөмбөгийн талбайд өөрсдийн өдөрлөг, “Нөхөрлөл” хөл бөмбөгийн тэмцээнийг 2019 оны 6 сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

СП Фалконс клубээс анх удаа зохион байгуулсан өдөрлөгт тус клубын хөвгүүд болон охидын 10, 12, 14, 16, 19 насны шигшээ багууд, Мазала дээд лигийн СП Фалконс клубын тамирчид, Ахмадын 49+ багийн тамирчид, “Нөхөрлөл” тэмцээнд оролцож байгаа ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагын төлөөлөл болсон NCD группын 1, 2-р багууд,  Epiroc компани, Клубын үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч Сэлэнгэ пресс компани, Манду хаус компанийн нийт 150 орчим тамирчид оролцлоо.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд хөл бөмбөгийн “Нөхөрлөл” тэмцээн зохион байгуулагдаж эрэгтэй эмэгтэй холимог нийт 6 баг өрсөлдсөн бөгөөд 2 хэсэгт хуваагдан тэмцээний аваргаа тодруулах тун хариуцлагатай тоглолтууд Ривер Гарден 2 хотхоны хөлбөмбөгийн талбай дээр өрнөсөн юм.

Бүтэн өдрийн турш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн уг тэмцээнд баг тамирчид маань хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос NCD Группийн 2-р баг түрүүлж аваргын цом алтан медалийн эзэд болсон бол Дэд байранд орж мөнгөн медалийг Сэлэнгэ пресс ХХК-ийн баг хүртэн, Ахмадын 49+ баг тамирчид Гутгаар байрыг эзлэснээр хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Мөн уг арга хэмжээний үеэр лигийн тамирчин охид хөвгүүд хөл бөмбөгийн төрөл бүрийн техникийн дасгал хөдөлгөөнөөр ирсэн зочдын мэлмийг мялааж байсан юм.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид болон бахдам өндөр амжилт гаргасан NCD Группийн тамирчдадаа баяр хүргэж, дараа жилийн тэмцээндээ амжилтаа бататган оролцохыг хүсэн ерөөе.