<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 4, 2019

НОГООН БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?

Барилгын салбар дэлхийн нийт ДНБ-ний 10 хувь, хүлэмжийн хийн ялгаруулалтын 23 хувийг эзэлдэг ба материалын урсгалын 30-40 хувь нь энэ салбарт ногддог гэсэн судалгаа байдаг. Иймд, ногоон барилгын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь барилга, байгууламжийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, нөөц баялагийг илүү үр ашигтай зарцуулах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг.

Ногоон барилга нь барилга барьж эхлэхээс ашиглалтад орсны дараах бүхий л хугацааг хамарсан ойлголт. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг.

Top-5-Reasons-Why-Green-Building-Is-A-Need

Ногоон барилга нь эдийн засаг, нйигэм, байгаль орчны үнэ цэнийг нэгтгэдгээрээ онцлогтой. Бидний амьдарч, ажиллах барилга байгууламж эдийн засгийн буюу нөөцийн хувьд үр ашигтай, хэмнэлттэй байх, ашиглах хугацаа харьцангуй урт, тав тухыг хангасан байх нөхцлийг ногоон барилгын үзэл баримтлал чухалчилдаг. Барилга барих, түүнтэй холбоотой арга барил, техник, ур чадварыг өөртөө багтаасан байдаг тул эрчим хүчний хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, эрчим хүч, ус хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах, хэмнэлтийн шийдэл бүхий технологи ашиглах, стандартаар тогтоосон ногоон байгууламжтай байх, тээврийн хэрэгслийн зогсоолын хангалттай шийдэлтэй байх, ашигласан барилгын материал нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой байдаг.

green building 1

  1. 1. Эрчим хүчний хэмнэлттэй

Барилгын хийцлэлийн хувьд дулааны алдагдал хамгийн бага байх, гэрэлтүүлэг болон бусад инженерийн том шугамнууд нь автомат байдлаар ажиллахаас гадна эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглээндээ таарсан байх хэрэгтэй. Энэ чиглэлд орчин үеийн шинэ техник, технологи болон BIM, BMS гэх мэт программ хангамжууд маш олон боломж олгож байна.

  • BIM буюу “building information model” программыг ашиглан барилгын зураг төсөл төлөвлөлтөөс эхлүүлэн барихаасаа өмнө барилгын үр ашгийг тооцох хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Барилгыг 3D, 4D, 5D хэмжээсээр байгуулж, хугацаа, зардал, эргономик, үр ашигтай байдал гээд барилга амжилттай баригдах бас баригдсаны дараа тогтвортой, үр ашигтай, аюулгүй оршин байхтай холбоотой бүхнийг урьдчилан харж, тооцож, туршиж, судалдаг программ хангамж.
  • BMS буюу “building management system” нь барилга, хөрөнгийн менежментийн программ хангамж юм. Дээрхтэй ижлээр барилга баригдсаны дараах ашиглалттай холбоотой зардлыг бууруулах, хянах зорилго бүхий хэрэглээ, ашиглалтыг ухаалгаар удирдан зохицуулах үүрэгтэй. Барилгын сан, цахилгаан, дулаан, холбоо дохиолол, агааржуулалтын систем гээд бүгдийг ухаалгаар нэгдсэн журмаар удирдана. Тухайн барилгад тохирсон “building management system”-ийг загварчилж, зөв ашиглаж чадвал ашиглалтын зардлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.
  1. 2. Усны хэмнэлттэй

Ногоон барилгын сертификат олгодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас ногоон барилгад усны хэмнэлт доод тал нь 20-30 хувь байхыг шалгуураа болгодог.  Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг суултуур, далд бочки, холигч, шүршүүр зэрэг  сантехникийн тоноглолууд  нь усны нөөцийг хэмнэх боломж олгож байна.

  1. 3. Сэргээгдэх эрчим хүч ашигласан байх

Монгол орны хувьд сэргээгдэх эрчим хүчний дараах төрлүүд байна.

  • Нарны эрчим хүч
  • Газрын гүний дулааны эрчим хүч
  • Салхины эрчим хүч
  • Усны эрчим хүч

Монголд жилийн 270 гаруй өдөрт цэлмэг байна гэж тооцоход нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байх юм. Энэ нь манай улсын нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кбайт цаг буюу нарны нөөц хамгийн ихтэй гурван орны нэг нь болж байгаа юм. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний сонголтуудаас манай оронд хамгийн тохиромжтой нь нарны зайн систем юм.

  1. 4. Дотор агаарын чанар

Барилга доторх агаар сэлгэлт, цэвэршүүлэлт, хөргөлтийг шийдвэрлэсэн буюу агааржуулалтын системтэй байх шалгуурыг хангасан байх учиртай. Өөрөөр хэлбэл агаарын чанар хэт халуун эсвэл хүйтэн, хуурай биш байснаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ба барилгад суурьлагдсан системүүд нь төхөөрөмжүүдтэйгээ холбогдож, ухаалгаар ажилсанаар хүний ажиллаж амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх юм.

  1. 5. Тохиромжтой эргономик шийдэлтэй байх

Барилгын зураг төсөл гаргахдаа хүний ажиллаж, амьдрах тав тухтай орчин нөхцөл, нөөц бололцоог тооцоолон өрөөний зохион байгуулалт, барилгын орц гарц, явган хүний зам, ерөнхий төлөвлөлтөд зөв тусгасан байх шаардлагатай. Жишээ нь шатны гишгүүрийг буруу тооцоолж хийснээс болж хүн бүдрэх, яваандаа үе мөч нь өвдөх, улмаар гэмтэх эрсдэлтэй.

  1. 6. Эко барилгын материал, технологи ашигласан байх 

Барилгад ашигласан материалууд хорт бодис, хүнд металлын агууламжгүй, барилга доторх хүмүүсийн эрүүл мэндэд  ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхээргүй байх гэсэн шаардлага тавигддаг. Жишээ нь: тавилгын хавтан гэхэд л түүхий эд нь байгалийн гаралтай, дагалдах цавуу зэрэгт хүний биед сөрөг үйлчилгээтэй бодис агуулагдаагүй байх ёстой. Түүнчлэн тухайн материалын үйлдвэрлэл нь байгальд ээлтэй, хүлэмжийн хий ялгарлыг нэмэгдүүлдэггүй байх ёстой. Гэвч байгалийн гаралтай түүхий эдээр бүтсэн,  ус болон эрчим хүчний хэмнэлттэй эко материал энгийн материалаас 20-30 хувь илүү үнэлгээтэй байдаг нь орон сууцны өртөг, үнэлгээнд нөлөөлж байна.

  1. 7. Стандартаар тогтоосон “Ногоон байгууламж”-тай байх

Барилга нь өөрөө хүний эрүүл мэндээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой. Орчиндоо бохирдол, хог хаягдал үүсгэдэггүй байх болон ногоон байгууламж, ногоон дээврийг зохих хэмжээнд зөв төлөвлөсөн байх ёстой. Ногоон дээвэр гэж ярих болсон нь ногоон байгууламж хийх хангалттай газаргүй бол барилгынхаа дээвэр дээр хийхийг зарим улс орнуудад журамлах болсон. Жишээ нь, Сингапурт барилгын 30%-иас багагүй талбайд ногоон байгууламж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.