<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Oct 4, 2022

Үл хөдлөхийн үнэ цэнэд нөлөөлдөг 6 хүчин зүйлс

Хүн амьдрах байр орон сууцаа сонгохдоо өөрийн гэсэн шалгуурыг тавьж байж сонголтоо хийдэг. Ихэнх хүмүүс үл хөдлөхийн үнэ болон нөхцөлд өндөр ач холбогдол өгдөг мэт харагддаг боловч бусад үзүүлэлтүүд хүн бүрт өөр өөр ач холбогдолтой.
Зарим хүнд орон сууц, хаусны хэмжээ болон барилгын чанар өндөр ач холбогдолгүй байхад зарим хүнд байршил болон орчин хамгийн чухал үзүүлэлт болох жишээтэй. Гэвч нийтлэг хэдэн шалгуурууд байдаг. Үүн дотроо үл хөдлөхийн байршил болон тухай орчин хамгийн чухал үзүүлэлт, шалгуур болсоор ирсэн. Доорх шалгуурууд харилцан адилгүй жингээр хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах шийдвэрт нөлөөлдөг байна.
1. Хөршийн харьцуулалт
Таны худалдан авах гэж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ тухайн үл хөдлөх байрлаж байгаа байршилд хамгийн сүүлд борлуулагдсан ижил хэмжээтэй үл хөдлөхийн үнэ ямар байсан бэ? гэдгийг харьцуулж үзсэнээр нилээд баримжаа авна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад ийм датаг судалгааны байгууллагаас эсвэл агентуудаас авах нь нээлттэй байдаг.
2. Байршил
Таны худалдан авах гэж буй орон сууц хаана байрлаж байгаагаас хамаарч таны хувьд үнэ цэнэ бий болгоно. Ихэнхдээ хүмүүс ажилтайгаа ойр эсвэл зорчиход хүндрэлгүй талаас нь харьцуулж тодорхой хувиар оноо өгдөг. Гэвч нийтлэг доорх 3 категориор үнэлэн байршлаа сонгодог.

DJI_0194

Үүнд:
- Тухайн бүсэд байгаа сургууль цэцэрлэгийн чанар. Таны хүүхдийнхээ боловсролд зориулж чадах төсөвт нийцэж байгаа эсэх.
- Ажилдаа очиход хир хүндрэлтэй вэ? Эсвэл шинэ ажил олоход ажлын байр хангалттай байна уу.
- Танд хэрэгцээт наад захын хүнс болон бусад үйлчилгээ тухайн бүсэд хир олон байна вэ ? Чанар нь хир вэ? Таны зорьж буй амьдралын хэв маягт нийцэх хэмжээний үйлчилгээ тухайн бүсэд бий юу? Амарч зугаалах газар байна уу? гэсэн хэдэн шалгуурыг тавьдаг.
БАЙРШИЛ бол хөгжиж буй зах зээлд хамгийн чухал үзүүлэлт болж ирсэн бөгөөд энэ нь үл хөдлөхийн үнийг өсгөх бууруулах хамгийн том хүчин зүйл болдог. Хоорондоо хэдхэн км ийн зайд яг адилхан чанар болон хэмжээтэй үл хөдлөхүүд зөвхөн байршлаас хамаарч өөр хоорондоо харилцан адилгүй үнэтэй байх боломжтой. Түүнчлэн дундаж үнэтэй орон сууцны үнэд тухайн орчны зам харилцаа, нийтийн тээвэр хөгжсөн эсэх, ашиглалтын зардлын хэмжээ зэрэг нь үл хөдлөхийн үнэд нь нөлөөлөх боломжтой. Мөн тухайн бүс дэх ногоон тохижилт, агаарын чанар, хүн амын нягтаршил гэх мэт хүчин зүйлүүд ч нөлөөлдөг.
3. Орон сууцны хэмжээ болон талбай ашиглалт
Хэмжээ бол үнэтэй шууд хамааралтай хүчин зүйл бөгөөд том орон сууц нийт үнийн дүнгээрээ жижиг орон сууцнаас үнэтэй бөгөөд худалдан авагчаас илүү төсөв шаардана. Хүмүүс орон сууцны үнийг хооронд нь харьцуулахдаа бүтэн үнийн дүнгээр биш 1м2 ын үнээр харьцуулдаг. Учир нь энэ дүн нь харьцуулалт хийхэд илүү бодитой байдаг. Хаус худалдан авах гэж буй хүмүүс хаусны нийт хэмжээнээс ашигтай талбайг тооцон тусад нь эргэцүүлж үзэх хэрэгтэй. Нийт хэмжээнд гарааш болон агуулах гэх мэт талбайнууд нь орсон байдаг тул эдгээр хэмжээг нийт хэмжээнээс хасч тооцон дотроо харьцуулалт хийх нь чухал.
4. Үл хөдлөхийн насжилт болон нөхцөл
Ерөнхийдөө, зах зээл дээр шинэ болон шинэвтэр үл хөдлөхүүд илүү үнэтэй байх нь зүй тогтол юм. Учир шинэ болон шинэвтэр үл хөдлөхийн сантехник, цахилгаан монтаж, дээвэр гэх мэт ашиглалтын явцад элэгдэж мууддаг зүйлүүдэд бага зардал гаргана гэж тооцдог. Дундаж орон сууцны эдэлгээ дараагийн 20 жилээр тооцогддог. Энэ хугацаанд үл хөдлөхийн сантехник, цахилгаан, дээвэр, хана, хаалга, цонх гэх мэт зүйлүүд хуучирч элэгддэг бөгөөд эдгээрийг солих сайжруулахад нэлээд зардал гаргадаг тул хүмүүс ихэнхдээ урт хугацааны эдэлгээгээ тооцож шинэ болон шинэвтэр үл хөдлөх худалдан авах сонирхол өндөр.
5. Шинэчлэх болон шинэчлэл хийх боломж
Цаг үеэ дагаад хүмүүс гэртээ нэмэлт засвар шинэчлэл хийх сонирхол өндөр байдаг. Хэрэв та шинэ үл хөдлөх худалдан авсан тохиолдолд энэ зардал харьцангуй бага байх бөгөөд хэт хуучин үл хөдлөхийг хямд үнээр авлаа гээд шинэчлэл хийх боломж хомс байвал танаас илүү зардал шаардана гэсэн үг юм. Засавр хийх зардал зах зээлээсээ хамаараад байршил бүрт харилцан адилгүй байдаг. Тухайн зах зээл дээрх барилгын материалын нийлүүлэлт, олдоц, үнэ, ажиллах хүчний зардал зэргээс хамаарч өөр өөр байна. Жишээ нь Яармагт шинэ орон сууцны нийлүүлэлт хотын төвөөс харьцангуй их бөгөөд үнийн хувьд өрсөдөөнтэй. Иймээс хүмүүс хотын төвд хуучин орон сууц авч засвар хийснээс Яармагт шинэ орон сууц авах нь зарим тохиолдолд ашигтай хувилбар байж болно.
6. Бүсийн үл хөдлөх зах зээл
Таны сонирхож буй үл хөдлөх шинэ бөгөөд хамгийн сайн байршилд байж болно. Гэхдээ та тухай үл хөдлөхийг худалдан авах бусад сонирхогчийн тоо болон яг тухайн үл хөдлөхтэй адил үл хөдлөх хир олон байх нь таны үл хөдлөхийн үнэд нөлөөлдөг. Иймээс та тухайн бүсийнхээ зах зээлийг мөн судлах хэрэгтэй. Хэрэв таны сонгосон бүсэд худалдах үл хөдлөх харьцангуй олон бөгөөд худалдаж авах хүн цөөхөн байгаа бол энэ зах зээл "худалдан авагчийн зах зээл" бөгөөд энэ тохиолдолд танд үнийг буулгах ашигтай нөхцөлтэй. Харин эсрэгээрээ тухайн бүсэд зарах үл хөдлөх цөөн боловч худалдан авагч хэтэрхий олон байгаа бол энэ нь "худалдагчийн зах зээл" бөгөөд үнэ болон нөхцөл дээр тохироо хийх боломж харьцангуй бага юм.

New Call-to-action