Гэр бүлийн бизнес эрхлэхэд туслах 12 зөвлөгөө
Гэр бүлээрээ бизнес эхлүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш билээ. Жил бүр АНУ-д шинээр бий болж буй бизнесүүдийн томоохон хувийг гэр бүлийн бизнес эзэлдэг. Гэр бүлийн харилцаа ямар ч түвшинд байсан эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү, хамаатан садантайгаа хамтарч бизнес хийхэд энгийн гарааны бизнес эрхлэхээс тэс ондоо сорилтуудтай тулгардаг. Гурван гэр бүлийн бизнес тутмын нэг нь л дараагийн үр хойчдоо өвлөгдөх хэмжээнд амжилттай оршин тогтнож үлддэг нь ч үүнтэй холбоотой юм.
Бизнес дөнгөж эхлэх үед хамгийн тогтворгүй, эрсдэлтэй байдаг. Зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргачихаад, ажил хэрэг аль хэдийн эхэлсний дараа л өөрсдийн үүрэг, оролцоог бүрэн ухамсарлаагүйгээ ойлгодог. Хэрэв та нэгэнт л гэр бүлийн бизнес эрхлэхээр шийдсэн бол цалингийн нөхцөл, цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд бизнесээ зарах төлөвлөгөө зэргийг эртнээс тодорхой болгоорой.
Ингээд туршлагад үндэслэж, сайтар эргэцүүлж бэлдсэн бизнес стратегийн 12 зөвлөгөөг хүргэж байна. Таныг бизнесийн тэнцвэрээ оновчтой тооцоолж, урт хугацаанд амжилттай авч явахад тань тусална гэж найдаж байна.
Гэр бүлийн бизнесийг тэнцвэртэй авч явахад туслах 12 зөвлөгөө
- Хил хязгаар тогтоо. Бизнес эрхэлдэг гэр бүлийн гишүүд долоо хоногийн 24 цаг ажил ярих нь бий. Гэвч ажил хэрэг, хувийн амьдрал, гэр бүлийн асуудлыг холих нь эцэстээ том асуудал авчирна. Оффисоос гадуур бизнес ярихдаа цензуртай байх хэрэгтэй. Байнга баримтлахад хэцүү ч гэсэн заримдаа гэр бүлээрээ байхдаа ажил хэргийн яриаг түр азнаад өөр үед хэлэлцэх нь дээр байдаг.
- Зөвлөлдөх арга барилаа тодорхой болгох. Асуудал, үзэл бодлын зөрүү гарах нь ойлгомжтой. Та аль хэдийн биеэр мэдэрч байгаа ч байж болох юм. Үйл явцаа үнэлэх, аливаа санал зөрөлдөөн, маргааныг шийдвэрлэх зорилгоор долоо хоног бүр тогмол уулзалт товлохыг санал болгож байна.
- Үүрэг, хариуцлагаа хуваарила. Гэр бүлийн гишүүд ижил төстэй ажлыг гүйцэтгэх чадвартай байж болох ч зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд үүрэг, хариуцлагаа тодорхой оноох хэрэгтэй. Том шийдвэрүүдийг хамтдаа гаргаж болно, гэхдээ жижиг асуудал бүрт мэтгэлцэх нь гэр бүлийн бизнесийг гацаана.
- Ажил хэрэгч ханд. Гэр бүлийн бизнест тохиолддог нийтлэг алдаа бол “гэр бүл” гэж хэт зөөлөн хандаад, “бизнес” гэх ойлголтоо орхигдуулдаг явдал юм. Эрүүл бизнесийн шинж чанарууд гэр бүлийн эв найрамдалтай үргэлж нийцэх албагүй тул зөрчилдөөн үүсэхэд бэлтгэлтэй байгаарай.
- Гэр бүлийн өмчлөлийн давуу талыг ойлгох. Гэр бүлийн бизнесүүд хэцүү ч гэлээ өвөрмөц шинж чанарууд бий. Нэг талаар гэр бүлийн гишүүд онцгой хүн капитал болдог. Тухайлбал чухал мөчид хямд, төлбөргүй ажиллах хүч болох, яаралтай зээл олгох зэрэг давуу талуудтай. Найдвартай гэр бүлийн гишүүд хамтран удирддаг бизнесүүд нягтлан бодох бүртгэлийн тусгай систем, компанийн бодлогын гарын авлага, хууль эрх зүйн баримт бичгүүд зэрэг олон ажлаас чөлөөлдөг.
- Бүгдэд нь шударга ханд. Зарим нь гэр бүлийн гишүүдээ ажилд авахгүй байхыг зөвлөдөг нь гэр бүлийн бизнесийн нэг том ашгийг үгүйсгэж байгаа хэрэг юм. Маш олон жижиг компаниуд гэр бүлийн хүмүүсийн шаргуу хөдөлмөр, эрч хүчгүйгээр оршин тогтнох боломжгүй байх байсан. Чадварлаг, найдвартай гэр бүлийн гишүүд таны бизнест чухал хөрөнгө болж чадна. Гэвч хэн нэгнийг хэт онцлохоос зайлсхийгээрэй. Цалингийн хэмжээ, албан тушаал ахих боломж, ажлын хуваарь, шүүмжлэл, магтаал зэрэг ойлголт бүх ажилтнуудад адил тэгш байх ёстой. Гэр бүлийн хүмүүстээ бусдаас нь өндөр эсвэл доогуур стандарт бүү тогтоо.
- Бизнесийн харилцааг бичгээр явуул. Гэр бүлийн хүмүүс ямар нэг төлөвлөгөөгүйгээр бизнесийн харилцаанд орох шиг амархан зүйл үгүй. Хэцүү мэдрэмж, үл ойлголцлоос зайлсхийхийн тулд цалин, өмчлөлийн хувь, үүрэг, хариуцлага болон бусад асуудлыг албан ёсны бичиг баримтад тодорхой тусгаарай.
- Ажил даалгахдаа “өрөвч” хандах хэрэггүй. Хүүхдүүд, үеэлүүд эсвэл бусад хамаатнуудаа сайхан сэтгэлээр ажилд авахаас зайлсхий. Ажилд авахын тулд тухайн хүний бизнесийн ур чадвар, мэдлэг зэрэгт тулгуурлах ёстойг анхаараарай.
- Удирдлагын заагийг тодорхойл. Гэр бүлийн бизнест хувь эзэмшдэг гишүүд өөрт нь ажлаа тайлагнасангүй гэж ажилчдаа зэмлэх тохиолдол байдаг. Энэ нь ажилчдын дургүйцлийг төрүүлдэг тул заавал тайлагнах ёстой удирдлагын гишүүдийг тодорхой болгох нь чухал.
- Зөвлөгөө хүс. Гэр бүлийн бизнесийн шийдвэр гаргах үйл явц заримдаа хэтэрхий хаалттай өрнөдөг. Шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ гэр бүлийн хүрээнд хязгаарлагдаж магадгүй гэдгийг санаарай. Гэр бүлийн холбоогүй, хөндлөнгийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах нь бизнесийн бодит үнэ цэнийг шалгах үр дүнтэй арга байж болох юм.
- Өв залгамжлалын баримт бичиг боловсруул. Өв залгамжлалаа албан ёсоор урьдчилан батлуулаагүй гэр бүлийн бизнес асуудалд ордог. Бизнесээ залуу хойч үедээ хэрхэн, хэзээ дамжуулах тухай баримт бичиг боловсруулж, нарийн, тодорхой тусгасан байх ёстой. Тэтгэвэрт гарах асуудлыг мөн бодолцсон, санхүүгийн хувьд оновчтой төлөвлөгөө байх ёстой. Төлөвлөгөө гаргаж, баримт бичиг батлахдаа мэргэжлийн хүний зөвлөгөөг аваарай.
- Өөр компанийн туршлагаас суралц. Хүүхдүүд тань гэр бүлийн бизнест оролцохоосоо өмнө өөр компанид 3-5 жил ажилласан туршлагатай байвал дээр. Ямар нэг танил тал, холбоогүй компани байх тусмаа бизнесийн ертөнцийн талаар бодитой, үнэ цэнтэй ойлголттой болно гэсэн үг юм.
Интерьерийн талаар таны мэдлэгт
Эртний Монгол Наадам