<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 8, 2021

Орон сууц худалдан авахдаа анзаарахгүй өнгөрөөдөг 4 чухал зүйл

Орон сууц худалдан авахдаа байршил, чанар, үнэ, авто зогсоолын хүрэлцээ, тоглоомын талбай, төсөл хэрэгжүүлэгчийн туршлага гэхчлэн олон хүчин зүйлийг харгалзан үзэх ёстойг уншигчид маань хэлүүлэлтгүй мэдэх биз. Гэхдээ эдгээр шаардлагуудаас гадна орон сууц худалдан авахдаа анхаарах ёстой хэрэглэгчдийн төдийлөн анзаардаггүй зарим зүйлийг онцоллоо.

657d6c880349280e1ebfbf37a6d4fc95w-c0xd-w826_h860_q80

 Зөв төлөвлөлт

Гэрийнхээ цонхоор орчноо тольдох, тоглоомын талбайд гүйлдэх үрсдээ санаа тавих, жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг мэдрэх нь ая тухтай амьдралын нэг хэсэг. Гэвч орон сууцны буруу төлөвлөлтийн улмаас зарим айлууд нар үзэх боломжгүй байх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс айл бүр нар үзэх боломжтой, хэт бага талбайд олон хүн амьдрахаар төлөвлөлт хийсэн орон сууц сонгохоос татгалзаарай. Хотхоны зай талбайн оновчтой төлөвлөлттэй, нийтийн эзэмшлийн хэсгийг хангалттай төлөвлөсөн цогцолбор хотхонууд энэ асуудлыг бүрэн шийдсэн байдаг.

орон сууцны төлөвлөлт

Нийтийн эзэмшил

Нийтийн эзэмшил нь таныг амьдарч буй орчиндоо чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх, дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарах боломж олгохоос эхлээд олон тооны ач холбогдолтой учир авто зогсоол, тоглоомын талбай төдийхнөөр хязгаарлагдахгүй юм. Тиймээс хотхоныхоо нийт хүн амын тоог харгалзсан стандарт зай талбайтай, өрх нэг бүрийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, оршин суугчдын эрэлт хүсэлт, насны ангилалд тохирсон байх нь зүйтэй. Жишээлбэл, тоглоомын талбай насны ангилалтай байхаас нийтийн эзэмшлийн стандарт эхэлнэ. 0-3 насны хүүхдийн тоглох, салхилах орчин 15-18 насны хүүхдийн тоглох орчинтой зөрчилдөхөөс гадна аюулгүй байдлын хувьд ч эрсдэлтэй. Мөн дасгал хийх багаж тоног төхөөрөмжүүд, гүйлтийн болон дугуйн зам, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай, цэцгийн мандал, модод бүхий ногоон байгууламж гэхчлэн олон хүчин зүйлийг харгалзан үзээрэй.

Vega_05

Сайн хөрш

Таны худалдан авсан орон сууцанд “үнэгүй” дагалдаж ирдэг зүйл бол нэг агаараар амьсгалж, дуу чимээ, бороо салхийг хамт мэдрэх хөршүүд байдаг. Тэдэнтэй хүссэн, хүсээгүй нэг орчинд оршиж, үр хүүхдүүд нь хамт тоглож, цугтаа нийгэмшиж өснө. Тиймээс таны ирээдүйн амьдралаа цогцлоох, энхрий үрсээ өсөн торниулах тэр орчинд ямар хүмүүжил төлөвшилтэй хүмүүс амьдрах вэ гэдгийг сайтар бодолцоорой. “Зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв” хэмээх сайхан үг бий. Магадгүй амьдралынхаа найзыг байрны найзуудаасаа ч олж авч мэднэ. Та сайн байр худалдан авах ч сайн хөршийг, сайн найзыг худалдан авч чадахгүй. Харин зөв төлөвлөлт, таатай орчинд тэд өөрсдөө цугладаг.

Хүн амын нягтаршил

Таны худалдан авч буй орон сууцны хотхонд нийт хэчнээн өрх, ямар хэмжээний зай талбайд амьдрах вэ гэдгийг заавал олж мэдээрэй. Орон сууцны хувьд нэг хүнд ногдох зохистой талбайг дунджаар 10-12 мкв, ногоон байгууламжийнх 6 мкв байх ёстой гэх стандарт бий бөгөөд орон сууцны нэг хүн амьдрах нийт талбайн доод хэмжээ 50 мкв байх нь зөв гэж үздэг. Бага зай талбайд олон зуун айлын орон сууц барих нь дотоод зохион байгуулалтыг алдагдуулах, хэт жижиг талбайд олон хүн бөөгнөрөх таагүй нөхцөл үүсгэх, нийтийн эзэмшил хангалтгүй байх зэрэг олон тооны эрсдлийг бий болгодог гэдгийг анхаараарай.