Өвөрмөц загвар бүхий ирээдүйн архитектурын 10 төсөл
Бид тэнгэр баганадсан өндөр, ухаалаг барилга, байшинтай ирээдүйн тухай кино их үздэг. Энэ бүгд кино зохиогчийн төсөөлөл гэж бидэнд санагддаг ч зарим мэргэшсэн архитекторууд аль хэдийнээ уран зөгнөл болон бодит байдлын зааг дээр орших гайхалтай барилгуудын төслийг боловсруулаад байгаа юм байна. Эдгээрийн зарим нь аль хэдийнээ баригдаж эхэлж байгаа бол зарим нь одоохондоо цагаа хүлээж байгаа. Зөвхөн бидний хүүхдүүд ч биш бид ч өөрсдөө эдгээр барилгыг олж харж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хөвөгч хот
Энэ бол Бельгийн архитектор Венсан Кальбогийн төсөл. Энэ төслийг Aequorea гэж нэрлэдэг бөгөөд түүний барилга Рио-де-Жанейро эргийн усанд баригдана гэж төлөвлөгдөж байгаа юм байна. Зохиогчийн хэлснээр далайн нөөцийг ашиглаж дахин боловсруулан хотыг цахилгаанжуулалт, хоол хүнс, ус зэргээр хангах ажээ.
Кувейт дахь “Кобра” цамхаг
Сobra Towers Kuwait – архитектурын сүлжээнд хамгийн их яригдаж байгаа төсөл юм. 1 км өндөртэй энэхүү барилгыг 2030 онд Кувейтэд барихаар төлөвлөж байгаа юм байна. Хүмүүсийн анхаарлыг зөвхөн түүний гадаад үзэмж татаад зогсохгүй тэдэнд барилгын цахилгаан шат их сонирхолтой байгаа. Учир нь ийм барилгад стандарт цахилгаан шат тохирохгүй шүү дээ. Цахилгаан шат хийн хоолойгоор ажиллах болно гэдэг хамгийн өндөр магадлал байгаа ажээ. Энэ цамхаг хамгийн өндөр барилга болохоос гадна дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй тэнгэр баганадсан барилга болно гэдэгт итгэлтэй байна.
Биопирамид
Каир болон эртний пирамидын хооронд баригдахаар төлөвлөгдөж буй соёлын цогцолбор. Ашиглагдах тоног төхөөрөмж нь цөлийн уур амьсгалд тэсвэртэй байх юм байна. Энэ барилга бидний үр удамд ертөнцийн өөр нэгэн шинэ гайхамшиг болох ч юм билүү хэн мэдлээ.
Үүл баригч
Энэ бол Солонгосын архитектурчдын ирээдүйн төсөл. Энэ барилга нь шууд утгаараа үүл барьдаг ба гантай нутаг дэвсгэрт тэднийг тээвэрлэх юм байна. Энэ төсөл нь газар тариалангүй бүс нутгуудын асуудлыг шийдвэрлэхэд туслах болно. Үүлэрхэг орнууд илүү нартай болж харин төв Африк өлсгөлөнгөөс аврагдах болно. Гайхалтай биш гэж үү?
Байгаль орчны төв, Солонгос
Энэхүү төслийг Өмнөд Солонгосын Үндэсний экологийн хүрээлэнгийн санаачилгаар гаргажээ. Энэ цогцолбор нь 33000 га газрыг эзлэх юм байна. Энэ өвөрмөц, шаантаг хэлбэрийн хүлэмжинд экологийн судалгаа шинжилгээ хийгдэх болно. Төв барилгууд нь гадаад нөхцөл байдалд тааруулан өөрөө өөрийгөө удирдах байдлаар эрчим хүчийг хэмнэх давуу талтай.
Нью-Йорк дахь “Соно”
Венсан Кальбогийн өөр нэгэн зөгнөлт төсөл. 700 метрийн өндөртэй босоо цэцэрлэгт хүрээлэнг Рузвельт арал дээр барих санаатай байгаа гэнэ. Энэ цогцолбор нь маш өвөрмөц болох болно. Зохиогчийн хэлснээр барилгын дотор хүлэмж, сүү болон махны ферм, явган хүний зам байх юм байна. Гэвч энэ төслийг хотын оршин суугчид тийм ч их дэмжихгүй байгаагаас болж түүний баригдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Аялал жуулчлалын цогцолбор, Хятад
Уран зөгнөлт кинон дээрх сансрын станцтай төстэй энэхүү “Даванг” барилга тун удахгүй баригдана гэнэ шүү. Ангалын ирмэг дээр баригдсан 170 метрийн өндөртэй энэхүү барилга дотроо цанын бааз, мөсөн гулгуурын талбай, усан парк зэргийг багтаасан юм байна. Даванг-ийн барилга угсралтын ажил энэ жилээс эхлэх ажээ.
Ангараг гариг дээрх тэнгэр баганадсан барилгууд
Архитекторууд энэ галзуу төслийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлэхийг хүсжээ. Улаан гаригаар өөрөө чөлөөтэй хөдөлж чаддаг энэхүү барилга гадаргуугаас шаардлагатай элементүүдийг цуглуулж хүлэмжийн хийн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж Ангарагыг халааж аажмаар амьдрал үүсгэхэд хувь нэмэр оруулах болно. Итгэмээргүй байгаа биз?
Усан доорх амралтын газар
«103 International»-ын архитекторчид усан доорх амралтын газрын төслийг боловсруулжээ. Зочид буудлын бүх цонх далай доор байрлах бөгөөд үүнээс гадна далай доор ресторан болон үзвэр үйлчилгээний цогцолбор байх юм байна. Мөн зарим хүмүүст зориулан усан дээр байрлах амралтын газруудыг барьсан байх аж.
Тэнгэр дээрх хотууд
Английн архитектор Цветан Тошков «City in the Sky» төслийг танилцуулсан юм. Эдгээр цогцолбор нь бадамлянхуа цэцгийн хэлбэртэй бөгөөд хотын бүх барилгын дээр сүндэрлэх болно. Энэхүү зөгнөлт “бадамлянхуа”-н орой дээр амралтын газар, парк байрлана. Нам гүм, амар амгалан, таны хөл доорх үүлс – энэ бүгд стрессийн хамгийн сайн эм байх болно.